УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Танхимаар хичээл орж эхэлснээс хойш сургуулийн насны хүүхдүүдийн өвчлөл ямар байна вэ?
Ердийн халдварт өвчний үед хүн амын дунд урьдчилан сэргийлэлт хийхэд 60 хувь нь вакцин хийлгэсэн байхад өвчин олон нийтийг хамардаггүй. Гэтэл цар тахлын үед 80-аас доошгүй хувь болоод байна. Та бүхэн үүнийг ямар хугацаанд 80 хувь хүргэх зорилт тавьж байгаа вэ" гэж асуув.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдсэн. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна.
Вакцинжуулалтын хувийг ахиад дээш нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Анх хичээл сургууль эхлэхээс өмнө нийт тохиолдлын 20 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлж байсан бол одоо 18 хувь нь хүүхдийн өвчлөл байна. Ахуйн хавьтлын хүрээнд халдварын тархалт илүү эрчимтэй байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй" гэлээ.