Монголын өмгөөлөгчдийн холбооноос, өмгөөлөгчдийн эрх ашиг зөрчигдөж, мөн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа яллагдагч болсон талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Б.Баяраа, “Өмгөөлөгчийн эрх Монголд хязгаарлагдмал байна. Ардчилал, хүний эрх хөгжсөн улсад өмгөөлөгч үйлчлүүлэгчийн төлөө буюу ажлаа хийж байгаад шалгагдаж, хэрэгтэн болно гэдэг эмгэнэлтэй хэрэг. Өмгөөлөгчид бид хэрэв ажлаа хийж явснаас болж гэмт хэрэгтэн, ялтан болоод байвал өмгөөлөгч нар дахиж ажлаа хийхгүй. Тийм эрсдэлтэй ажил хийх хүсэл хэнд ч байхгүй” гэлээ.
Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч А.Пүрэвдулам “Өнөөдрийн байдлаар Эрүүгийн цагдаа, Улсын Мөрдөн байцаах газраас намайг яллагдагчаар татсан байдалтай байна. Би Д.Монголхүүгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Саяхан шөнийн нэг цагт Д.Монголхүү гэрийнхээ үүднээс баривчлагдлаа хэмээн өмгөөлөгчийн туслалцаа хүссэн тул СБД-ийн нэгдүгээр хэлтэсрүү очсон. Гэвч ямар ч шалтгаангүйгээр намайг саатуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон өмгөөллийн тухай хуульд зааснаар өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ нэн даруй уулзах хүсэлт тавьсан боловч шалтгаангүйгээр саатуулж уулзуулахгүй Д.Монголхүүг 461-р анги руу шилжүүлсэн. Миний бие 461-р анги руу очин өөрийн мэргэжлийн нэвтрэх үнэмлэхийг үзүүлэн зөвшөөрөл аваад дотогш нэвтэрсэн байтал өнөөдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1-ийн дагуу хууль сахиулагчдын биед халдсан хэргээр намайг яллагдагч болгоод байна. Энэ байдлаар үйлчлүүлж байгаа хэрэгтэй нь холбоотой өмгөөлөгчийг яллагдагчаар татсаар байвал цаашид хүний эрхийн манааны хамгийн эхэнд зогсдог өмгөөлөгчид бид мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж чадахгүйд хүрнэ” хэмээлээ.
Б.Наранзул