АН-ын гишүүд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцруулахаар ХЗДХЯ-ны гадна жагсаад байна. Тэдний жагсаал өчигдрөөс эхэлсэн бөгөөд ХЗДХЯ-ны гадна хоножээ.
Тэд "Бид өчигдөр 16.00 цагт ХЗДХЯ-ны гадна ирсэн боловч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байгаагүй. Бид Х.Нямбаатараас хууль бусаар баривчилсан 5 залууг яаралтай суллахыг шаардаж байгаа. Мөн Х.Нямбаатар яаралтай огцрох шаардлагатай. Яахаараа тэр хүн прокурорын зөвшөөрөлгүйгээр хүн баривчилдаг юм бэ. Э.Одбаяр, Д.Монголхүү нараас гадна өнөөдөр жагсаалд оролцож байсан хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг бас баривчлаад явлаа.
Бид өнөөдөр ардчилсан улсад амьдраагүй юм уу. Хойд Солонгос шиг болж байна. Хүмүүсийг ямарч үндэслэлгүйгээр баривчилж байна. Х.Нямбаатар цагдаа нарыг өөрийнхөө төлөө ажиллуулж байна. Монгол Улс юу болоод байна вэ" гэлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Оюундарь "Өчигдөр 11.00 цагаас эхлэн Д.Монголхүүг суллахыг шаардаж, жагсаж байна. Нүдэн дээр болж буй тэгш бус байдлыг эсэргүүцэж жагсаал хийсэн залуусыг барьж, хорьж байна. Бид өчигдөр 16.00 цагаас хоригдсон залуусын эрхийг хамгаалахаар ХЗДХЯ-ны гадна ирсэн. Гэтэл өнөөдөр 09.00 цагийн үед цагдаа нар дахиж ирээд жагсаал хийж байсан залуусыг хориод явчихлаа. Өөрсдийг нь эсэргүүцсэн л бол хорьж цагддаг болж. Айхтар дарангуйлсан нийгмийг ковидоор цаагуур бий болгож байна" хэмээлээ.