Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тавантолгой түлш“ ХХК-ийн захирал М.Ганбаатар нийслэлчүүдийг гал алдуулсандаа Засгийн газар, иргэд хоёрыг буруутгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 24 секунд

“Утаагүй Улаанбаатар-2020” төслийг үе шаттай хэрэгжүүлэх хүрээнд Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.

Сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэх, савлах, борлуулах, түгээх бүхий л ажлыг компани хариуцаж түүнд тавигдах шаардлага, хүртээмжийг хянах үүрэгтэй. Гэтэл түлшний картны хяналт муу байгаа учраас иргэд картыг давхардуулж аван нөөцөлж зохиомол хомстол үүсгэж байгаа талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн.

Гал алдсан өнөөгийн цаг үед “Тавантолгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар асуудлыг өөрийн алдаанаас бус иргэдийн хариуцлагагүй үйлдэл болон Засгийн газрын буруу шийдвэрээс улбаатай хэмээн арьсаа хамгаалж сууна. Тодруулбал тэрбээр "Хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт энэ түлшний оочир тасрахгүй. 1000, 2000, 3000 цэг нээгээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байгаа. Картын хяналтыг хэн, хаана, хэзээ, яаж хянаж байгаа юм" гэж үүсээд байгаа асуудлын талаар дүгнэв.

Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн ковидын үед хөл хорионд орсон иргэдийн өрхийн эдийн засгийг дэмжих зорилгоор шахмал түлшний үнийг 50-75 хувиар бууруулсан. Өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг тооцоолж, үүнд тавих хяналтын талаараа тухайн үед нэг ч үг цухуйлгаагүй атлаа өнөөдрийн нөхцөл байдалд Засгийн газрын шийдвэрийг буруутгах нь зүйд нийцэхгүй.

Хоёрдугаарт, Шахмал түлшний хүртээмжид хяналт тавин, хүртээмжийг жигд байлгаж, нөөцлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор түлш худалдан авах картыг өрхүүдэд олгосон. Картыг дамлах, нэг өрх давхардуулж авахаас сэргийлэх ажлыг “Тавантолгой түлш” ХХК өөрөө хариуцах үүрэгтэй. Анх карт өрхүүдээр тараагдсан цаг мөчөөс эхлэн нэг айл хоёр, гурван карт авах тохиолдлууд мэр сэр гарсаар хомстол үүсэх өөр нэгэн хүчин зүйл болсон. Энэ асуудалд анхаарал сул байсан учир дээр давтагдсан алдаагаа засахаар энэ жил дахин карт шинэчлэх ажлыг хийж байгаа аж. Иргэд картаа шинэчилж, баталгаажуулсан ч шинэчлэгдээгүй, бүртгэгдээгүй хэмээн системд алдаа заан түлшээ авах боломжгүй нөхцөл байдал тулгараад буй өрхүүд ч байна.

Нийслэлийн зүгээс “Таван толгой түлш” ХХК-д борлуулалтын дэмжлэг 10 тэрбум төгрөг, тээвэрлэлтэд 20 тэрбум, агуулахын зардалд 1.5 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Нийслэлээс болоод Засгийн газраас хүртэх тусламж, дэмжлэгээ хангалттай хэмжээнд хүртсэн мөртлөө өөрсдийн хариуцлагагүйгээс болж гарсан хохиролд иргэд олон нийтийг буруутгаж буй “Таван толгой түлш” ХХК-ийн захирал М.Ганбаатар ажлаа хэр "сайн" хийж байгаа нь дээр дурдсан мэдээллээс ил болж байна.

Б.Амарбаясгалан

“Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна“
“Сайн дурын ажилчид өдөрт 50 мянган төгрөгийн цалин, 20 мянган төгрөгийн шатахууны дэмжлэг авна“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.