Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигтай холбогдуулан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нар мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг өнөөдөр гарч байна. Тус зарлигт "Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад Монгол Улсын хувь нэмэр, бодит оролцоог нэмэгдүүлэхэд "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан цөлжилттэй тэмцэх үндэсний цогц хөтөлбөр стратеги гарган ажиллахыг чиглэл болгож байна" хэмээсэн.
Жил бүр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувиас доошгүй хөрөнгийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд зарцуулах, орон нутгийн хөрөнгө оруулалтын төсвийн тодорхой хувийг байгальд ээлтэй стандарт бүхий ногоон байгууламжийг нэмэгдүүлэх эрхзүйн орчинд ажиллахыг чиглэл болгосон.
Ойн салбарын бодлого үйл ажиллагааг уялдуулах, төрийн захиргааны байгууллага болох Ойн агентлагийг сэргээн байгуулахыг чиглэл болгож байна. Улсын төсвийг өргөн барихдаа ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс ойн агентлагтай байхыг төсвийн дагалдах хуулиар оруулж байгаа.
Ойн аж ахуйн нэгжийн сан бүрдүүлж, түүнийг улсын төсөвт бүртгэж авах, мод тарьж ургуулахад шаардлагатай усны нөөцийг бүрдүүлэх, гадаргын усыг говийн бүс нутагруу шилжүүлэх, мод тарьж ургуулах орчин үеийн техник, технологийг нэвтрүүлэхийг чиглэл болгон өгсөн. Мөн бүх шатны боловсролын байгууллагт экологийн боловсрол олгох сургалт зохион байгуулахыг үүрэг болголоо” гэлээ.
Мөн энэ зарлигийн хэрэгжилттэй холбогдуулан жил бүр улсын төсөвт хөрөнгө мөнгө тусгахаар болсон байна.
Э.Дэлэгнанзадмаа