Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: “Халдвар гайгүй болмогц харь орныг зорино доо“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 23 секунд

"Халдварын нөхцөл байдал гайгүй болмогц харь орныг зорино доо" хэмээн бодож суугаа Монгол залуус хэчнээн бол...

Эдийн засгийн хүнд цаг үе үргэлжилсээр буй өнөө үед үнийн өсөлт, авто замын түгжрэл, нийгмийн стресс, бухимдал, чанарын баталгаагүй ирээдүйн амьдралыг "тэвчигсэд" БНСУ хилээ нээхийг хүлээн өдөр хоногийг хүлээж сууна. Зөвхөн Солонгос гэлтгүй, "Монголоос л гарч байвал..." гэсэн бодол тээж буй залуус олон болжээ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орнууд хилээ хааж гадны улс орноод ажиллах хүч татан аваагүй.

Тэгвэл дээрх цаг хугацааг оролцуулалгүйгээр 2015-2019 оны хооронд нийт 68,262 иргэн БАЙНГА ОРШИН СУУХ визээр харь орныг зорьсон байна. Харамсалтай нь, эдгээр хүмүүсийн тоо жилээс жилд өссөөр байгаа нь асуудлын цөм болоод байгаа юм. Тодруулбал, 2015 онд 6768 иргэн, 2016 онд 11,959, 2017 онд 13,758, 2018 онд 16,307, 2019 онд 19,470 иргэн байнга оршин суух зорилгоор хил давсан аж.

Ингээд Солонгос Улсад ажиллаж, амьдарч буй Б.Хайдавтай ярилцлаа.
-Солонгост ажиллаж, амьдраад хэдэн жил болж байна вэ?
-2017 онд Солонгос Улсад ирээд өдийг хүртэл ажиллаж амьдарч байна. Өнгөрсөн зуны гурван сар эхнэр, хүүхэдтэйгээ Монголд амарсан. Саяхан буцаад Солонгост ирсэн.
-Өнгөрсөн зун эх орондоо ирэхэд өөрчлөгдсөн зүйл байна уу?
-Хэдэн шинэ барилга баригдсанаас өөр зүйл байгаагүй. Юмны үнэ их өссөн байсан. Жишээ нь, намайг байхад хонины мах кг нь 5000 төгрөг байсан. Сая очиход бараг 10,000 төгрөг болчихсон байна. Машины дөрвөн дугуй, обудтайгаа 1.6 саяас буухгүй байна лээ. Гэтэл дөрвөн жилийн өмнө 700-800 мянган төгрөг байсан. Монголд тогтмол цалин аваад амьдармаар байв ч юмны үнийг хэн дуртай нь нэмчихдэг учраас амьдралын баталгаа муу. Энд бол мэдээж бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг. Гэхдээ Монгол шиг огцом өсдөггүй
-Монголд амьдрах, Солонгост амьдрахын ялгаа нь зөвхөн цалин, мөнгөний асуудал байна уу?
-Нэгдүгээрт мэдээж цалин, хоёрт цэвэр орчин, гуравт нийгмийн стресс бага байна. Одоо бол бараг амтай болгон л Солонгос явмаар байна л гэх юм.
-Энд эрхэлсэн тодорхой ажилтай хэрнээ зуны амралтаараа Солонгост очиж ажиллаад буцаж ирдэг хүмүүс ч олон байдаг гэж дуулсан?
-Тийм. ЕБС-ийн багш нар, менежер хийдэг хүмүүс зун ирж ажил хийчихээд намар буцдаг. 20 жил ЕБС-д хөдөлмөрийн багш хийсэн мөртлөө энд ирээд барилгын ажил хийж байгаа хүн ч байна. Хамгийн хэцүү нь 20 жил хөдөлмөрийн багш хийсэн мөртлөө гар тасдагч ашиглаж мэддэггүй. Тийм хүмүүс энд ирээд ажиллахыг харахад хэцүү байдаг.
-Монгол залуус тодорхой хугацаанд гадны оронд ажиллан мөнгө хураагаад эргээд Монголдоо ирээд тэр хөрөнгөөрөө хувийн бизнес эхлүүлэх зорилготой байдаг. Энэ зорилгодоо хүрч чаддаг нь олон болов уу?
-Миний ажиглаж байгаагаар яг тийм зорилгоор ирээд мөнгөө хураагаад явдаг хүмүүс цөөн байх. Ихэнх нь цалингаасаа хэдэн цаас тасдаж авч үлдээд үлдсэнийг нь Монголд байгаа гэр бүл рүүгээ явуулдаг. Мэдээж хурааж байгаа хүмүүс бий. Гэхдээ цөөн байх.

Залуу боловсон хүчнүүд сургуулиа төгсөөд гадны орныг зорих нь элбэг. Боломж л бүрдвэл бушуухан яваад ирэх сонирхолтой залуус мэргэжил эзэмших оюутны ширээг "дамжин өнгөрөх зогсоол" мэтээр ойлгох нь олонтаа. Цэцэрлэг-ЕБС-Их, дээд сургууль-Гадны оронд сурч, ажиллах-Эргээд эх орондоо ирээд мэргэжлээрээ ажиллах эсвэл бизнес хийх гэсэн алгоритм дийлэнх залуусын толгойд нуугдаж байдаг нь үнэн. Энэ сэдвийн хүрээнд хэд хэдэн оюутантай ярилцаж үзэл бодлыг нь сонслоо.

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Цахилгаан электроникийн инженерийн ангийн гуравдугаар курсын оюутан Б.Өсөхбаяр "Гадны оронд ажиллаж, амьдрах сонирхол бий. Төгсөөд гадны оронд хоёр жил ажиллангаа мэргэжил дээшлүүлэх бодолтой байна. Герман, Орос зэрэг Европын орнуудын аль нэг гэж төлөвлөж байгаа. Ажил хийхээс гадна мэргэжил дээшлүүлэхээр явах учраас эдгээр орныг сонирхож байгаа юм. Гадаадад сурч ажиллавал нэгдүгээрт илүү биеэ даах чадвар сууна. Хоёрдугаарт, Монголд бакалавр эзэмшээд шууд мэргэжлээрээ ажилд орох нь хүндрэлтэй. Ажлын туршлага хардаг, ажилд орлоо гэхэд хамгийн бага цалингаас эхэлдэг учраас цаг алдана. Тиймээс гадны орныг зорьсноор туршлага хуримтлуулан, мэргэжлээ дээшлүүлээд эргээд эх орондоо ирж ажиллах боломж бүрдэнэ" гэлээ.

Санхүү, эдийн засгийн их сургуулийн хоёрдугаар курсын оюутан А.Хад-Эрдэнэ "Гадны оронд сурч, ажиллах бодол оюутан бүрт л байдаг байх. Миний хувьд одоогийн байдлаар гадны улсад сурч боловсрох, ажиллаж амьдрал шийдвэр гаргаагүй байна. Гэхдээ эдийн засаг тогтворгүй Монголын нийгэмд сургууль төгсөөд шууд ажилд ороод амьдралын баталгаатай ажиллаж, амьдрах хэцүү. Байсхийгээд инфляци өсчихдөг. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг хэн ч барьж чаддаггүй. Өссөн гэнэ, одоо яая гэхэв гээд зүгээр л хараад суудаг. Мэдээж чөлөөт зах зээл хэрэгтэй. Гэхдээ чөлөөт зах зээл байлаа гээд хэн дуртай наймаачин амандаа орсон үнээ хэлээд бусад нь түүнийг дагадаг байх учиргүй. Монгол Улсын эдийн засаг энэ хэвээр байвал хэн ч байлаа гэсэн гадны улсыг зорих нь ойлгомжтой. Манай сургуульд сурдаггүй зарим найзууд “Халдвар гайгүй болмогц харь орныг зорино доо“ гээд Солонгосын хил нээхийг хүлээгээд сууж байна. Энэ бол бодит үнэн" гэсэн юм.

Өнөөдөр дэлхийд дунджаас доогуур орлоготой 49 орны тоонд манай улс багтаж байна. Нийт хүн амын 70 гаруй хувь дундаж давхаргаас доош орлоготой байна. Өөрөөр хэлбэл, 500 мянган төгрөг хүртэлх орлоготой хүмүүс 30.2 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой хүмүүс 40.8 хувийг эзэлж байна. Манай улсын дундаж сарын цалингийн хэмжээ 1.3 сая. Дундаж давхаргын орлоготой хүмүүс ердөө 24 хувийг эзэлж байгаа юм.

Эдийн засгийн доройтол хүн амын дунд хэрхэн бүрэлдсэн нь дээрх тооноос тод харагдаж байна. Эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөн нийгмийн дундаж давхаргын хэмжээнд амьдрах ямар гарц байгаа талаар эдийн засагч Д.Амгалангийн байр суурийг сонслоо.

Тэрбээр "Эх орондоо эдийн засгийн асуудалгүй амьдрах ганц гаргалгаа бий. Энэ жижиг зах зээлийг харах шаардлагагүй. Бүх зүйл онлайн болсон учраас дэлхийн хэмжээнд ажил хийх хэрэгтэй. Ялангуяа хөрөнгийн зах зээл дээр ажиллах боломж байна. Хувьцааны индекс, өсөлт бууралтыг хараад ойлгодог байх хэрэгтэй. Тэндээс амьдралаа залгуулдаг байх хэрэгтэй. Манайх шиг жижиг зах зээлтэй оронд хүн бүр бизнес хийх гэж оролдоод байх нь маш их эрсдэлтэй. Хэн нэгэн залуу бизнес эрхлэх гээд л гараад ирэхэд гадны том импортлогчид цохигдоод дампуурдаг. Эрсдэлтэй бизнес хийж унаж байснаас ашигтай менежментэд хөрөнгө оруулалт хийх боломж бий" гэв.

Хүүхэд, залуус харь орныг зорихоор төлөвлөж буй нь тэдний сонголт гэхээс илүүтэйгээр нийгмийн нөхцөл байдлын гарцаагүй байдалд орж буйгийнх. Эдийн засгийн тогтворгүй байдлаас үүдэлтэй дээрх асуудлууд үргэлжилсээр байвал хавийн хэдэн залуусаа харийн оронд алдаад дуусах нь.

Б.Амарбаясгалан

Yes or no ТББ-аас Засгийн газрыг огцруулах зорилгоор жагсаал хийж байна
Yes or no ТББ-аас Засгийн газрыг огцруулах зорилгоор жагсаал хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.