Хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан нийслэлээс өвөлжилтийн бэлтгэл ажлыг хийж эхлээд буй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс тодруулахад тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд жилдээ нийт 4200 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 4000 гаруй тонн давс нөөцөлдөг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1700 гаруй тонн тусгай зориулалтын бодис, 500 гаруй тонн давсны нөөцийн үлдэгдэлтэй байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2000 тонн тусгай зориулалтын бодис, 600 тонн давс авахаар тендер зарласны дагуу гүйцэтгэгч байгууллага нь шалгарсан. Үүний дагуу аравдугаар сарын 25 гэхэд ОХУ-аас шаардлагатай давс, бодисыг оруулж ирэх ёстой гэж заасан байгаа. Мөн дүүргүүд рүү харьяа орон сууцны доторх зам, туслах замуудын арчилгаа бүрэн шилжих бөгөөд дүүрэг өөрийн хөрөнгөөр замын арчлалтыг шийднэ" хэмээлээ.