Энэ оны эхний есөн сарын байдлаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хилээр орсон 182.864 тээврийн хэрэгсэл, 203.691 зорчигчид эрүүл мэндийн хяналт хийж, 18.355 тохиолдлыг тусгаарлан ажиглалтад шилжүүлээд байна. Мөн хугацаанд зөөвөрлөгдсөн 638 тохиолдол батлагдсан ба хилийн нэвтрэх цэгт энгийн горимоор нэвтэрсэн 8818 зорчигчоос коронавируст халдвар /КОВИД-19/ илрүүлэх ПГУ шинжилгээг авахад 85 тохиолдол эерэг гарчээ.
Үүнээс харвал коронавирусийн мутацлагдсан хувилбар хил дамжин тархах эрсдэл байсаар байна гэж МХЕГ-аас мэдээлж байна.
Тиймээс хилийн боомтод ажиллаж буй хяналтын болон мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллах, улсын байцаагчдыг чадавхжуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улсын хилийн боомт, гүний хяналтын бүсэд Ковид-19 халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээ авах” сэдэвт цахим сургалтыг энэ сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтыг ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Монголын халдваргүйтгэл, ахуйн шавж, мэрэгчтэй тэмцэх холбоо зэрэг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулснаараа онцлог юм.