Эрх баригчид цар тахалтай онцгой нөхцөл байдлыг далимдуулан ковидын хууль гэх "малгай" дор төрийн албаны томилгоог утгыг нь алдуулж, хүссэн төрийн албан хаагчаа ажлаас нь халж, сольсоор ирлээ. Тэгвэл энэ увайгүй үйлдэл боловсролын салбар руу хальж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд өгүүлж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид зарим Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээр урилгагүйгээр зочилж, мэргэжлийн багш, боловсон хүчинг нь халж солих бэлтгэлээ базааж буй сурагтай.
Чингэлтэй дүүрэгт олонх болоод буй МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид сургууль, цэцэрлэгүүдийн элсэлттэй холбоотой хяналт шалгалтыг хийж буй нэрийдлээр тун удахгүй зарим цэцэрлэг, цаашлаад сургуулиудын захирлуудыг чөлөөлөхөөр бэлдэж байна. Ингэж “зай” гаргасан албан тушаал дээрээ өөрсдийн "хүмүүсийг" томилдог хуучны муу аргыг ашиглахаар тэд ийнхүү ажиллаж эхэлсэн гэнэ.
Хэрвээ энэ үнэн бол боловсролын салбар гэж байх хэрэг байна уу. Салбараас нь бодлогын томилгоогоор ирсэн хүнийг нь олонх болсон ИТХ-ын хэсэг бүлэг нөхөд цар тахлын хүнд үед элдэв арга сүвэгчилж халж орхиод өөрсдийн хүнийг томилоод байх нь хэр зохилтой вэ. Ялангуяа боловсролын салбарыг цомхон, чадварлаг, мэргэжлийн байлгахаар зорилт тавиад буй Л.Энх-Амгалан сайдын бодлого амьдрал дээр хэрэгжихээсээ өмнө анхан шат дээрээ л унах нь байна. Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан сайд нэг сургууль, эсвэл цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулахаар мэргэжлийн боловсон хүчнээ томилоод явуулангуут орон нутгийн ИТХ-ын нөхдүүд үгсэн хуйвалдаад нөгөөх багшийг нь халчихна гэсэн үг. Тэдний хүсэлд нийцсэн хүн л "явуулахгүй" бол энэ үйлдлээ хэдэн ч удаа давтаж чадах улс. Мэдээж энэ бол хууль бус үйлдэл. Уг хууль бус үйдлийг гороор Л.Энх-Амгалан сайдын хариуцаж буй боловсролын салбарын олон арван ажилтан албан хаагчид хэзээ албан тушаалаас халагдах бол гэсэн айдас хүйдэс дунд ажиллаж амьдрах нь байна.
Тиймээс төрийн албыг төрлийн алба болгож буй нөхдүүдэд боловсролын салбарыг "самрах" боломжийг огт олгож болохгүй байлтай. ДИТХ бол орон нутгийн хөгжил, төсөв санхүүг хариуцдаг. Гэтэл салбарын бодлого, тэр дундаа боловсрол гэх маш эмзэг салбарт "гар дүрэх" нь маш буруу жишгийг тогтооно. Бусад газрууд үлгэрлэж эрүүл мэнд, боловсрол, соёлын гээд бүх мэргэшсэн салбарын хүмүүсийг хүч түрээд халдаг, сольдог буруу тогтолцоог үүсгэх вий дээ.