Хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг шалгалтуудыг сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран 7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байгаа талаар албаныхан мэдээллээ.
Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлсэн байна. Түүнчлэн 91 тарвагны нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн аж.
Ташрамд дурьдахад, БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг улсын хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон билээ.