Шатахууны хомстол үүссэнтэй холбоотой УУХҮЯ-наас шатахууны асуудлаар мэдээлэл хийсэн. Тухайн мэдээлэлд "Монгол Улс сарын 38-40 мянган тонн АИ-92 бензин хэрэглэдэг. Үүнийхээ 95 хувийг нь ОХУ, 5-10 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ-аас авах шатахууны хэмжээг гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ хамгийн багадаа 28 мянган тонн шатахууныг ОХУ өгөх ёстой гэсэн байдаг. Гэвч наймдугаар сарын сүүлээс энэ хэмжээний шатахууныг нийлүүлж чадахгүй гэж мэдэгдэн, 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой" хэмээн мэдээлсэн. Шатахууны хомстол үүссэнтэй холбоотой хэд хэдэн улс төрчид байр сууриа илэрхийллээ.
-ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫНХАА АНХААРУУЛГЫГ 3 САР ОЙШООХГҮЙ ЯВСНЫ ГОР-
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөршүүдийн буруу ч биш л дээ. Урд хил гааль, боомтын үйл ажиллагааг зохицуулж чадаагүйгээс шалтгаалж Хятад уруу нэвтэрсэн нүүрсний жолооч нараас корона илэрсэн нь үнэн, харин бензин импортлогч компаниудынхаа анхааруулгыг 3 сар ойшоохгүй явсаар хомсдолд орж байгаа нь бас үнэн" гэв.
-УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫН ШААРДЛАГА БАЙНА УУ-
Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин "Засгийн газраа хянаж, өөрсдийн баталсан хуулийн биелэлтээ шаардаж чаддаггүй УИХ, Үндсэн хуулиар хүлээсэн хууль биелүүлэх, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргээ энэ улс орныг дампууруулан хэрэгжүүлж байгаа Засгийн газар байх шаардлага байна уу" гэжээ.
-ТЭНЭГИЙН УХААН ХОЙНО ГЭДЭГ ЗАРЧМААР АМЬДАРЧ БОЛОХГҮЙ-
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Манай улс хойд хөршөөсөө түлш шатахуун, эрчим хүчээр хараат, өмнөд хөршөөсөө өргөн хэрэглээний бараа, экспортын орлогоор хараат. Түүнээсээ нэг их санаа зовохгүй өдийг хүрсэн юм. Өнөөдөр зах зухаас нь горыг нь амсаж эхэллээ. Цаашид импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлж, түлш шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, экспортын олон тулгуурт эдийн засгийн бүтэцтэй улс болохгүй халамжийн улсаараа байвал ямар аюул нүүрлэхийг одоо эрх биш нэг ухаарч байгаа биз ээ. Тэнэгийн ухаан хойно гэдэг зарчмаар амьдарч болохгүй. Үйлдвэрлэгч бүтээлч улс болох хэрэгтэй" гэсэн байна.
-ОРОСЫН АРМИТАЙ ЯРЬ, НАМАЙГ ЯВУУЛСАН Ч БОЛНО-
Зам тээврийн сайд асан М.Зоригт "Оросоос яаралтай шуурхай горимоор шатахуун авч болно, нефьтийн компаниуд биш, яам засагтай нь ч яриад хэрэггүй. Оросын армитай ярь, Шойгутай ярь. Намайг явуулсан ч болно" гэжээ.