Монгол Улсын Засгийн газрын ивээл дор Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын газраас зохион байгуулсан "Цахим үндэстэн-Digital Nation21" арга хэмжээг зохион байгуулахдаа иргэдийн бөөгнөрөл үүсгэж, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн үйлдлийг олон нийт хүчтэй шүүмжилж буй.
Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Намрын ногоон өдрүүд" өдөрлөгтэй танилцах үеэрээ "Цахим үндэстэн" арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр "Цахим үндэстэн арга хэмжээнд 120 орчим аж, ахуйн нэгж оролцсон. Гадаах арга хэмжээ байх нь дээр гэсэн зөвлөмжийг өгсөн байсан. Мишээл экспо дээр хийх гэж байсан арга хэмжээг төв паркт зохион байгуулахаар болсон юм. Ерөнхий сайдын хувьд цахим шилжилтийг дэмжиж байгаа учраас аж, ахуйн нэгж, байгууллага, хувийн хэвшлээ дэмжиж оролцсон. Хувийн хэвшлийнхэн томоохон хэмжээний дэвшлүүдээ иргэд, залуучууддаа ойлгуулах гэсэн оролдлого байсныг буруутгаж болохгүй байх. Төрийн байгууллагынхан, хамтарч ажилласан байгууллагууд алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй. Гадаах талбайн арга хэмжээг хийх Засгийн газрын бодлого үргэлжилнэ.
Олон хүн цуглах тал дээр дутуу тооцсон зүйл байж магадгүй. Дэлхийн олон улс орнууд гадаах арга хэмжээгээ нээлттэй болж байгаа. Доторх арга хэмжээнүүдийг цаашид нээлттэй болгохыг төлөвлөж байгаа. Соёл урлагийн арга хэмжээнүүдийг нээлттэй болгох бодлого барина. Аль ч талд шийдвэр гаргасан амаргүй нөхцөл байдалд байна" гэлээ.