Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сайд дарга нар албаны унаанд заларч, энгийн алба хаагчид нь явганаар хөл залгуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 6 секунд

Нийслэлийнхний ажил, амьдралын ихэнх цагийг өнгөрүүлдэг орчин нь замын түгжрэл гэхэд буруудахгүй. Уурлах нэгэн нь уурлаж, дасах нэгэн нь ч дасчихсан. Түгжрээнээс ангижрах гарцыг аль ч засгийн үед дэвшүүлж, хэлэлцдэг ч түүнээс ажил хэрэг болсон нь үгүй. Метротой болох мөрөөдөл мянгуужингийн үлгэр болж, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах "бодлоо" үе үеийн хотын дарга нар ярьсаар л явна. Харин сүүлийн үед түгжрэлийг бууруулах гарц, гаргалгаагаа энд тэндхийн өндөр үнэ хаясан бүтээн байгуулалт, парк шинэчлэлтээр бус "төсөрхөн" цалинтай төрийн албан хаагчдаасаа хайдаг боллоо.

Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос төрийн албан хаагчид, яамд, төрийн захиргааны байгууллагууд өөрсдөөсөө үлгэрлэх, түгжрэлийг сааруулахад ямар арга хэмжээ авах боломжтой талаар хэд хэдэн ажлыг туршиж эхэлсний нэг нь төрийн албан хаагчдын хувийн автомашины хэрэглээг хязгаарлах “чалленж”. Тус ажил Сангийн яамнаас эхэлж, үүний дараагаар Д.Сумъяабазар дарга төрийн албан хаагчдыг нийтийн тээврээр зорчуулахаар судалж эхэлсэн талаараа мэдээлсэн. Өчигдөр энэ жишигт Зэвсэгт хүчний Жанжин штаб нэгдлээ. Ингэхдээ бүх шатны албан тушаалтнууд албан ажилдаа ирэх, буцахад хувийн автомашины хэрэглээг хязгаарлаж, анги нэгтгэлийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийхээр болов. Албаны унааг хувийн хэрэгцээнд ашигладаг дарга нарт сануулга өгч, түгжрэл тойрсон олон асуудлаас үүрэлцэх чухал шийдвэр гэдэгтэй үгүйсгэх аргагүй. Нөгөөтэйгүүр, хэдхэн төрийн албан хаагчдын хэрэглээг нь хязгаарласнаар түгжрэл буурна гэдэг өөрөө маргаантай бөгөөд эргэлзээтэй.

Сайд дарга нар албаны унаанд заларч, энгийн алба хаагчид нь явганаар хөл залгуулна

Шийдэл гаргасан бол түүнийгээ хэрэгжилт, зохицуулалтыг тодорхой болгосон байх ёстой. Сангийн яам л гэхэд 155 ажилтан, алба хаагчидтай. Гэхдээ Сангийн яам ажилчдаа нэгдсэн унаагаар ажилд нь зөөх, ойрхон гэртэй бол ажилдаа алхах, унадаг дугуйгаар зорчих зэргийг ажилчиддаа санал болгосон. Харин Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ шийдвэртэй холбогдуулан хийх зохицуулалтын талаар асуухад “Хэрэгжилтийг хангаж ажиллана, хэрхэх нь байгууллагын дотоод асуудал” гэх үгийг л амнаасаа унагаж байна. 10-20-хон хүнтэй хувийн аж, ахуй нэгж ч энэ мэт асуудалд тодорхой шийдэл дэвшүүлнэ. Гэтэл улсын томоохон салбар нь сайдын гаргасан тушаалд хэрэгжилт тавьж ажиллана гэсэн мөртлөө ямар зохицуулалт хийхээ тодорхойлоогүй байгаа бололтой. Тэгвэл Зэвсэгт хүчин ажилтнуудаа өглөө эрт хүүхдээ хичээл, сургуульд нь хүргэж өгөхдөө хэрхэх тал дээр уян хатан хандах уу. Хувийн унааг дан ганц ажилдаа ирж, очихдоо л хэрэглэхээр худалдаж авдаггүй гэдгийг санах хэрэгтэй.

Сайн ярьвал асуудлын цаана ч асуудал бий. Хэдийгээр захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч тавина гэж байгаа боловч цаад санаандаа дарга нар албаны унаагаар зорчиж, энгийн албан хаагчид нь нийтийн тээврээр аль эсвэл явганаар алхах сонголттой л нүүр тулж байна. Тэгвэл тэр нийтийн тээвэр нь бүрэн шийдэгдсэн үү. Багтаамж болон хүрээлцээ тэг гэдгийг Улаанбаатар хотын захын "банхар" ч тодорхой хэлнэ.

"Төрийн захиргааны алба хаагч ч Үндсэн хуульд заасан жам ёсны эрхээр хангагдах ёстой"

Тэгвэл хүний эрх, хууль зүйн үндэс талаасаа энэ нь хэр үндэслэлтэй, зөв шийдвэр бэ. Энэ талаар Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяраас тодруулахад “Яам, тамгын газрын ажилтан бол төрийн захиргааны алба хаагч мөн. Хэдий албан үүргийнхээ хүрээнд төрийн захиргааны алба хаагч боловч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан хүний жам ёсны эрхүүд нь хангагдаж ажиллах ёстой. Төрийн захиргааны алба хаагч өргөсөн тангарагтаа үнэнч байх, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус явдал хийхгүй байх гэх мэт үндсэн үүргийг хүлээнэ. Мөн харъяа албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Харин цэрэгжсэн байдлаар өөрийнхөө өмч, тээврийн хэрэгслийг хязгаарлуулах хууль эрх зүйн орчин байхгүй. Энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4-р хэсэгт заасан ажил мэргэжлээ сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, хувийн аж ахуй эрхлэх, хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлэхгүй байх эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэсэн үг” гэлээ.

Төрийн ч бай, төрийн бус ч бай аль ч байгууллага ажилчдынхаа ажиллах таатай нөхцөлөөр хангах үүрэгтэй атал энэ мэт зохицуулалтгүй шийдвэр гаргаж түгжрэлийг бууруулна хэмээн ярьж сууна. Замын түгжрэлийг арилгана хэмээн ярихаасаа урьтаад тархиныхаа "түгжрэл"-ийг мултлах хэрэгтэй болов уу, дарга нар аа. Хөрсөн дээр буусан шийдлийг нийслэлчүүд хүлээсээр байна.

Ц.Янжиндулам

Загвар өмсөгч Jene: Толиныхоо урд нүцгэн зургаа дарах бол nude арт биш
Загвар өмсөгч Jene: Толиныхоо урд нүцгэн зургаа дарах бол nude арт биш
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.