Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар өчигдөр дээд түвшний цахим уулзалт хийсэн тухай бид мэдээлсэн.
Цахим уулзалтаар хоёр улсын харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэхээр санал нэгдэж хамтарсан тунхаглал гаргасан нь хамтын ажиллагаанд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо.
Тэгвэл цахим уулзалтаас гарсан үр дүнг БНСУ-ын хэвлэлд онцлон мэдээлсэн юм.
Тус улсын “Yonhap” мэдээллийн агентлагийн мэдээлснээр хоёр орны удирдагч нарын яриа хэлэлцээ нэг цаг үргэлжилж, БНСУ, Монгол Улс нь 1990 дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, соёлын салбарын болон иргэд хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн болохыг тэмдэглэсэн гэжээ.
Мөн “Korea Times” сонинд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин коронавируст цар тахлын үеийг даван туулсны дараа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаагаа гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн тухaй “Yonhap” агентлагийг эш татан мэдээлсэн байна.
Монгол Улс нь БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.