Судлаач, хэл шинжлэлийн магистр, эрхзүйч Э.Жамуха Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй гэх мэдээлэл хийсэн. Тэрбээр ямар мэдээлэл, баримтад үндэслэн ийнхүү мэдээлэл хийсэн талаар өөрөөс нь тодрууллаа.
-Та Ц.Дамдинсүрэн гуайн "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг шинжлэх ухааны хувьд үндэслэлгүй гэж үзэж мэдээлэл хийсэн. Ямар баримт, мэдээлэлд тулгуурлаж байна вэ?
-Шинжлэх ухааны үндэслэлгүй гэдэг нь аль хэдийн батлагдсан. Монгол хэл 26 үсгэнд л багтдаг. Уламжлалт Монгол бичиг 26 үсэгтэй. Гэтэл Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь" гээд номон дээр 35 үсэгтэй гээд дүрэм нь эхэлж байгаа. Эгшиг, гийгүүлэгч, тэмдэг үсэг зэргээр бичсэн. Тэмдэг үсэг гэж Монгол бичигт байхгүй. Ь, Ъ-ийг хэрэглэдэггүй гэдгийг манай хэл шинжлэлийн эрдэмтэд аль эрт тогтоосон зүйл.
-Танд нотолгоо бий юу?
-Шинжлэх ухааны үндэслэлгүй хэрнээ одоог хүртэл яваад л байгаа юм. Бид Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь"-ийг хууль хяналтын байгууллагад өгсөн. Энэ бол үндэсний эв нэгдлийг бусниулах эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно хэмээн үзэж, хуулийн байгууллагад өгсөн. Гэвч хуулийн байгууллагууд нь үүнийг батлах ажлыг хийхгүй байна. Бид өргөдөл, гомдлоо гаргаад хандах ёстой байгууллагадаа хандаад явж байгаа.
-Бид гэж ямар хүмүүсийг төлөөлж хэлж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар би л байна. Надтай адил үзэл санаатай, ном зохиол бүтээлүүд байдаг.
-Та мэдээлэл хийх үеэрээ Ц.Дамдинсүрэн гуайг дарангуйлагч байсан гэж хэлсний учир юунд байв?
-Ц.Дамдинсүрэнгийн "Монгол үсгийн дүрмийн толь" хэвлэгдсэнээр бусад толь бичгийг байхгүй болгосон. Зохиол, бүтээлүүд дээрээ ч өөрөө дурдсан байдаг.
-Ямар зохиол дээр юу гэж дурдсан байдаг вэ?
-Жишээ нь, "Хоёр цагаан юм" гэдэг зохиол дээр үхсэнийхээ дараа ч зүгээр орхихгүй шүү гэсэн санаа байдаг. Түүний зохиолууд нь үргэлж коммунист утга санааг агуулсан, сурталчилгааны маягийн зохиолууд байдаг. "Хоёр цагаан юм", "Гологдсон хүүхэн" зэрэг бүтээлүүдэд нь тусгагдсан байдаг.
Ц.Дамдинсүрэнгийн "Монголын нууц товчоо" гэж байдаг. Үүнийг орчин цагийн Монгол хэлэнд буулгасан гэдэг. Дунд нь маш олон зүйлийг хийсэн байдаг. Жишээ нь, уйгуржин Монгол бичиг гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Монголын нууц товчоонд хэзээ ч тийм зүйл байгаагүй.
-Та Монгол бичиг болон Монгол хэлний зөв бичгийн талаар асуудлыг хөндөж байгаа хүний хувьд өөрийн хийсэн судалгаа бий юу?
-Төрийн байгууллагуудад өргөдөл, гомдол гаргаж байгаа. Хэвлүүлсэн уран бүтээл, ном зохиол байхгүй.
-Та "Монгол судлалыг дэмжих цэг" байгуулж байгаа талаараа дэлгэрүүлбэл?
-Монгол судлалыг дэмжих цэгийг есдүгээр сарын 1-нээс ажиллуулна. Тэнд уламжлалт Монгол бичгийн сургалт явуулна. Үүнээс гадна Монгол гэсэн орчныг бүрдүүлэх зорилт тавьж байгаа.
-Есдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ийм зүйл яриад яваа гэж ойлгох хүмүүс байна. Энэ талаар?
-Би 2015 оноос хойш төрийн байгууллагуудад гомдол, өргөдөл өгсөөр ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд коронавирусийн халдвараас болоод ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадсангүй. Халдвар дуусаж байна гэж үзэж байгаа учраас мэдэгдлээ ч гаргаж байна. Цаашдаа өргөдөл, гомдлоо ч гаргаад явна.
-Ц.Дамдинсүрэн гуайн "Монгол үсгийн дүрмийн толь" алдаатай байна гэж хэзээ анх анзаарсан юм бэ?
-Эрх зүйч мэргэжлээр сурч байхдаа үүнийг ойлгосон. Урьд нь буруу гэдгийг нь мэдэж байсан. Гэхдээ ямар хуулийг яаж зөрчиж байгааг нь сайн ойлгож өгөхгүй байсан юм. Эрх зүйч болоод уншаад үзэхэд тодорхой байсан. Үндсэн хуулийн цэцэд хэд хэдэн удаа хандсан. Цаашдаа ч хандана. Харин энэ удаад би ганцаараа биш, олуулаа болоод хандана.
-Таны мэдээллийг үгүйсгэж байгаа хүмүүс олон байна. Таны Жамуха нэрний талаар цахим орчинд хүмүүс янз бүрээр бичиж байна. Энэ нэрийг таны эцэг, эх заяасан уу?
-Би нэрээ сольсон. 2014 онд нэрээ сольсон. Намайг юу гэж ярих нь хүмүүсийн асуудал байх. Ц.Дамдинсүрэн гэдэг хүний толь бичиг анхнаасаа л шинжлэх ухааны үндэслэлгүй байсан. Монголчууд түүхэндээ хэзээ ч кирилл бичгээр төрийн албаа бичиж байгаагүй. Шинэ үсэг гэсэн ойлголт байгаа. Орос хэлний кирилл бичгийн цагаан толгойг аваад түүн дээр нь хэдэн үсэг нэмээд дүрэм зохиосон. Үүнийг Ц.Дамдинсүрэн эцэслэсэн. Эдгээр нь бүгд зохиомол дүрмүүд юм. Тийм учраас шинжлэх ухааны үндэслэл байхгүй гэж үзэж байгаа.
-Монгол судлалыг дэмжих цэгт Монгол бичгийн хичээл заах уу?
-Тийм. Монгол бичгийн сургалтууд явагдана. Мөн бийрэн бичлэгийн сургалт явагдах байх. Ер нь чөлөөт цагаа өнгөрөөх л цэг шүү дээ. Үнэхээр мэдье, суръя гэсэн хүмүүст зааж өгнө. Чөлөөт цагаа зөв зохистой өнгөрөөхөөр ирсэн хүмүүс мөн ирж болно.
-Таныг мэдээлэл хийсэнтэй холбогдуулан сургалтын газрынхаа сурталчилгааг хийж байна гэж хардах хүмүүс олон байна.
-Энэ бол ашгийн байгууллага биш. Монгол судлалын цэг гэж нэрлээд байгаа нь учиртай. Төв гэж нэрлэвэл ахадна. Хүмүүс юу гэж үзэх нь өөрсдийнх нь асуудал байх. Цаг хугацаа харуулах байх.