Талибаны дэглэмийн дор амьдрах улам хэцүү болно гэсэн айдас түгшүүр Афганистаны охид бүсгүйчүүдийн дунд байсаар байна. Исламын хатуу чиг баримжаатай Талибанууд 1990-ээд онд Афганистаны богино хугацаанд захирахдаа эмэгтэйчүүдийн эрхийг шашны хатуу хуулиар хязгаарлаж байсан түүхтэй.
Өчигдөр Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забиуллах Мужахид хэвлэлийн хурлын үеэр аюулгүй байдлын үүднээс афган эмэгтэйчүүдэд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.
Гэхдээ энэ байдлыг тэр түр зуурын үзэгдэл гэж хэлсэн байна. Учир нь Талибаны цэргүүд одоогоор эмэгтэй хүнийг яаж хүндлэх талаар хангалттай мэдлэг боловсролтой болж чадаагүй байгаа тул ингэхээс өөр аргагүй болсон гэнэ.
Забиуллах Мужахид, “Бид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр эрхлэхийг дэмжинэ. Гэхдээ эхлээд аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй байна. Нөхцөл байдал сайжирч, эмэгтэйчүүдийн талаар баримтлах дүрэм журам хэрэгжиж эхлэх хүртэл гэртээ байхыг бид зөвлөж байна. Цаг нь болохоор ажилдаа явж болно” гэжээ.
Талибанууд энэ удаа Афганистаныг захирахдаа үзэл баримтлалаа зөөлрүүлж, эмэгтэйчүүдэд ээлтэй ханддаг болохоо амлаж байгаа. Гэхдээ афганчууд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэг энэ амлалтад нь эргэлзсэн хэвээр байна.