Завхан аймгийн Отгон, Алдархаан сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн их тахилга 2021 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.
Тахилгын ёслолын өмнөх орой Долоон бурхан одны тахилгыг зохион байгуулж, сүсэгтэн олон залбирал, мөргөл үйлдсэний дараа туульч Хангайн магтаал болон Отгонтэнгэр хайрхан уулын магтаал хайлсан юм. Түүнчлэн Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Завхан аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үг хэлж дууссаны дараа туульч Хангайн магтаал хайлав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай харваач Ш.Даваахүүд хүлээлгэн өгч, Завхан аймгийн Отгон сумын харьяат, Аймгийн аварга малчин, Аймгийн алдарт уяач, Алтан унаганы эзэн Б.Дугаазааны адуун сүргээс сонгосон цагаан морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэв. Ийнхүү Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх долоо дахь удаагийн төрийн тахилгын ёслол өндөрлөсөн юм.