Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАМЗХ-ныхон намар хүртэл ойлголцсон ч, “Баячуудын хүүхдүүдийн холбоо боллоо“ гэж дотроо бухимдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд

Ардын намын залуучуудын байгууллага болох НАМЗХ өнгөрсөн өдрүүдэд багагүй бужигнаж, дарга цэргээ шаггүй самгардуулсан. НАМЗХ-ны асуудал явж, явж МАН-ын асуудал ч болж мэдэхээр болсон хэдий ч хоёр хоногийн өмнө хуралдсан Бага хурлаараа талууд ойлголцоод салжээ. Гэхдээ уг ойлголцол нь хугацаатай.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр цахимаар хуралдсан Бага хурлаар гишүүдийн тоог нэмэх, өнгөрсөн сарын сүүлээр томилогдсон Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Оргилыг жинхлэх асуудлуудыг хэлэлцсэн юм.

Бага хуралд оролцох ёстой 300 орчим гишүүдээс 190 орчим нь цахимаар оролцсон байна. Хурал болохын өмнө НАМЗХ-ны 12 аймаг, таван дүүргийн залуучууд Удирдах зөвлөлийн хуралдаа аймаг, дүүргийн залуучуудын төлөөллийг оруул гэсэн шаардлагыг тавьсан нь асуудлыг улам бүр ээдрээтэй болгож байв. Гэхдээ яг эцсийн мөчид зарим аймаг, дүүргийнхэн шаардлагаасаа буцаж, 8 аймаг, 3 дүүрэг холбооныхоо удирдлагуудад шаардлага тавьсан гэх мэдээлэл ч байна.

НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал тэргүүтэй намын удирдлагууд асуудал хөндсөн залуучуудтайгаа зөвшилцөж, тун удахгүй болох хоёр нөхөн сонгуулийн өмнө залуучуудын байгууллагаа ч, намаа ч хагалахгүй байхаар ойлголцжээ. Өөрөөр хэлбэл, залуучуудын байгууллагын асуудлыг ирэх аравдугаар сард болох УИХ-ын нөхөн сонгуулийн дараа хэлэлцэж нэг талд гаргана гэсэн үг. Хэрэв ийм шийдэлд хүрч чадахгүй маргаанаа улам гүнзгийрүүлсэн бол намын хагарал руу явчих гээд байсан тул талууд ийнхүү тохирчээ. Энэ хүрээндээ НАМЗХ нь 2022 оныг орон нутаг, дүүргүүдээ дэмжих жил болгох гэнэ.

Эдгээрээс гадна уржигдар болсон Бага хурлаар НАМЗХ-д элсүүлсэн шинэ хүмүүс нь олны анхаарлыг татаж байгаа юм. Нийт 16 орчим шинэ гишүүн НАМЗХ-д оржээ. Тодруулбал, Н.Энхбаярын хүү Э.Батшугар, МТ группийн захирал Р.Ганзоригийн хүү Г.Дашням, сошиал инфльюнсер Г.Анархүү, Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн хүүхэд Б.Бадрах, Zu night клубын захирал гэх олны танил, нэр нөлөө бүхий гэр бүлийн төлөөлөл болсон хүүхдүүд НАМЗХ-д оржээ.

Уг үйл явцыг НАМЗХ-ны залуучууд хоёр янзаар хүлээн авч байгаа аж. Эхнийх нь, НАМЗХ руу олны танил, нэр нөлөө бүхий хүмүүс хошуурцгааж байна. Энэ бол НАМЗХ илүү хүчтэй, повертай болж байгаагийн илрэл. Бизнесийнхэн сүүлийн жилүүдэд орж ирж буй нь НАМЗХ ирээдүйд илүү хүчээ авахыг харуулж байна гэх зэргээр тайлбарлаж байна. Гэтэл нөгөө талд нь, НАМЗХ хуучин шигээ намын эгэл жирийн залуучдын дуу хоолой болж чадахгүй боллоо. Баячуудын хүүхдүүд ингэж хүч түрж байгаа нь ирээдүйд асуудал богино тойрогт явахын цондон. Дүүрэг, орон нутгаа дэмждэггүй байдал нь улам нэмэгдэхээр боллоо. Ер нь энэ байдлаараа үргэлжилбэл НАМЗХ биш баячуудын хүүхдүүдийн холбоо болох нь гэх хандлага ч ажиглагдаж байна. Сая орсон хүмүүсээс гадна Ерөнхий сайд асан С.Батболдын хүү Б.Баттүшиг, Гүр-Аранзын хүүхэд Г.Төгөлдөр, АПУ-гийн Г.Батхүү агсны охин Б.Цэлмэг гэх зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс НАМЗХ-д байдаг.

Ямартаа ч НАМЗХ энэ удаадаа ойлголцлоо. Харин шинээр авсан мөнгөтэй, нөлөө бүхий хүмүүсийнх нь эрх ашиг хууччуултай нь хэрхэн нийлэх нь сонирхол татаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, энэ холбоо болон Ардын нам элдэв “бослого” тэмцэлгүй аятайхан явах уу. Мөн Н.Учрал гишүүн сая Бага хурал дээр ойлголцсон, амласан зүйлсээ хэрхэн биелүүлэх вэ зэргээс бүх юм ихээхэн хамаарахаар болж асуудал нээлттэй орхигдож байна.

Г.Лхагвадорж

Талибан бүлэглэлийн цэрэг бурка өмсөлгүй гадуур явсан эмэгтэйг буудан хороожээ
Талибан бүлэглэлийн цэрэг бурка өмсөлгүй гадуур явсан эмэгтэйг буудан хороожээ
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.