Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 40,330 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана. Төрийн өмчийн сургуульд элсэж буй шинэхэн сурагчдыг наймдугаар сарын 16-наас цахимаар бүртгэж эхэлсэн. Элсэлт болоод хамран сургах тойргийн талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.
-Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэлийн явц ямар байна вэ. Энэ жилийн цахим бүртгэлийн онцлог юу вэ?
-Энэ жилийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдүүдийн бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Өмнөх гурван жилд зөвхөн нийслэлд цахим бүртгэл явуулж байсан. Энэ туршлагаараа бэлтгэлийг наймдугаар сарын 5-наас эхлүүлсэн. Наймдугаар сарын 16 буюу бүртгэл эхэлсэн эхний өдөр нийслэлийн хэмжээнд нийт сурагчдын 16 хувь, аймгуудад 10 хувь нь бүртгүүлсэн. Тэгэхээр сурагчид цахим бүртгэлийн хугацаанд амжиж бүртгүүлэх боломжтой. Өмнөх жилүүдэд эцэг, эхчүүд регистрийн дугаараараа бүртгүүлээд, мэдээлэл нь сургуульд очдог, сургууль түүнийг нь нягтлаад элсүүлдэг байсан бол энэ жилийн тухайд Үндэсний статистикийн газраас иргэний бүртгэлийн бааз дээр үндэслэн бүртгэнэ. Хаягийн зөрчилгүй хүүхдүүдийг www.parent.edu.mn цахим хаягаар бүртгэхэд асуудал үүсэхгүй. Хэрэвзээ бүртгэл амжилтгүй болох аваас сургуулиуд дээр биечлэн очиж асуудлыг шийдэх юм. Сургууль бүрд элсэлтийн комисс ажиллаж байгаа. Энэ комисс янз бүрийн шалтгаанаар бүртгүүлж чадахгүй байгаа хүүхдүүдийн асуудлыг шийдэх юм.
-Хамран сургах тойргийг хэрхэн тогтоодог вэ. Жил бүр өөрчлөн шинэчилдэг шалтгаан юу вэ?
-Хамран сургах тойргийг жил бүр шинэчлэн тогтоохоос аргагүй нөхцөл байдал үүсдэг. Намраас хавар хүртэлх хичээлийн жилд л гэхэд тухайн байршилд барилга байшин олноор баригдахын дээр шинээр сургууль, цэцэрлэгүүд ашиглалтад ороход өөрчлөлт ордог онцлогтой. Хамран сургах тойргийн эхний мэдээллийг сургуулиуд баг, хорооны нийгмийн ажилтнуудтайгаа хамтран боловсруулдаг. Дараа нь дүүрэг нэмж зохицуулалт хийгээд боловсруулсан саналаа Нийслэлийн Боловсролын газарт ирүүлдэг.
-Зарим эцэг эхчүүд амьдралын шаардлагаар хүүхдүүдээ гэртэйгээ ойр биш, ажилтайгаа ойрхон сургуульд сургах сонирхолтой байх нь бий?
-Хамран сургах тойргийн хамгийн эхний зорилго нь нэг ч хүүхдийг сургуулийн гадна үлдээхгүй байхад оршдог. “Хүүхэд гэртээ ойр сургуульд суралцах нь хамгийн таатай нөхцөл болдог” гэдгийг дэлхий нийтийн хэмжээнд хүлээн зөвшөөрөөд байна. Гэтэл манай зарим эцэг эх хүүхдээ хамран сургах тойргоос гадуурх өөр сургуульд хуурамч бичиг баримт бүрдүүлэн оруулах, будилуулах тохиолдол маш их гардаг байсан. Мөн зарим хүүхдийн эцэг эх нь эзгүй, гадаадад ажиллаж амьдардгаас эмээ өвөөгийнхөө хаягаар суралцах нь бий. Хөдөө орон нутгаас хотод ирээд бүртгүүлээгүйгээс асуудал үүсдэг. Сайн гэсэн сургуульд хэт ачаалал үүрүүлж, олон сурагч элсүүлснээс тухайн сургуулийн сургалтын чанарт нөлөөлж, сайн гэх тодотголоо хамгаалж чадахгүйд хүрэх нь бий. Хотын захын сургууль гэхээр тааруухан гэж үзэж болохгүй. Нөгөөтээгүүр эцэг эхчүүдийн анхаарал, халамж сайн байгаа цагт захын сургуульд ч хүүхэд амжилттай суралцдаг. Хамран сургах тойрог болоод цахим элсэлт зэргийг зохион байгуулах болсон нь ч дээрх шалтгаануудтай холбоотой.
-Сүүлийн хоёр хичээлийн жилд сурагчид танхимаар бүрэн хичээллээгүй. Харин энэ жил танхим болон цахимаар холимог байдлаар хичээллэх шийдвэр гарсан. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн хангах вэ?
-Наймдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх шийдвэр гаргасан. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 5:9 стратегийг энэ хичээлийн жилд барихаар шийдвэрлэсэн. Таван өдөр танхимаар хичээллэж, таван өдөр гэртээ цахимаар хичээллэнэ. Хагас, бүтэн сайн өдрийг тооцохоор нийтдээ есөн өдөр хүүхэд гэртээ байх юм. Энэ хугацаанд хүүхэд өвдсөн бол илэрнэ. Ес хоногт ямар нэгэн зовуурь илрэхгүй бол эрүүл гэж үзэн танхимын хичээлдээ сууна. Ийм зарчмаар хичээллэнэ. Нэг ангид хичээллэх хүүхдийн тоог цөөрүүлнэ. Халдвар хамгааллын дэглэмийн дагуу нэг ангид 20+-5 гэсэн тоогоор хичээллүүлнэ. Эхний 25 хүүхдэд танхимаар хичээл орж байхад дараагийн 25 нь цахимаар хичээлээ хийнэ гэсэн үг.
-Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль бий юү?
-Байхгүй.
-Лаборатори сургуулиуд харьяалал хамаарахгүйгээр чадварлаг сурагчдыг шалгаруулан элсүүлдэг. Эдгээр сургууль гүнзгийрүүлсэн сургалтдаа элсэлт авахгүй гэсэн үг үү?
-Улаанбаатар хотод нэлээд хэдэн сургуулиуд хамран сургах тойроггүй байсан. Таны хэлсэн лаборатори сургуулиуд гэсэн үг. Эдгээр сургуулийн ойролцоо гэртэй хүүхдүүдийг тэрхүү сургуульд оруулах хүсэлтэй байгаагаа эцэг эхчүүд удаа дараа илэрхийлж, хамран сургах тойрогтой болгосон. Гэхдээ дагнасан болон гүнзгийрүүлсэн сургалтаа орхиогүй. Сургуулийнхаа хүчин чадлыг тооцоолоод, нэмэлт элсэлт зохион байгуулах эрх нь нээлттэй.
-Кембрижийн сургалттай сургуулиуд мөн адил уу?
-БШУЯ-ны харьяа ерөнхий боловсролын гурван сургууль кембрижийн олон улсын хөтөлбөртэй. Тэдгээр сургуулиуд ил тод, нээлттэй элсэлт авч, шалгаруулалтад тэнцсэн сурагчид сурч байгаа.
-Хувийн хэвшлийн дунд сургууль, цэцэрлэгүүд цахимаар хичээллэсэн ч төлбөрөө бүтэн авсан гэх гомдол гарч байсан. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
-Энэ асуудлаар эцэг эхчүүд сургуулийн захиргаатайгаа тохиролцох ёстой юм. Нийслэлийн Боловсролын газрын зүгээс төлбөрийн уян хатан нөхцөлөөр ажиллахыг сануулсан. Эхний ээлжид улирлаар нь төлбөрийг авах, цэцэрлэгийн хүүхдүүдийн ариун цэврийн хэрэглэлийг мөн улирлаар бодож бага хэмжээтэй авах гэх мэт зохицуулалт хийж байгаа.
Эх сурвалж: Нийслэлийн засаг даргын тамгын газар