Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголбанк, АМГТГ-аас аж ахуйн нэгжүүдтэй шатахууны үнийн асуудлаар хамтарсан уулзалт хийлээ. Уулзалтын үеэр "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат болон АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны үнийн өсөлтийн талаар эсрэг байр суурь илэрхийлэв.
Тухайлбал, "НИК" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, "Шатахууны жижиглэнгийн үнийг зах зээлийн чөлөөт зарчмаар тогтоодог. Шатахууны үнийн өсөлтийн хувьд гадаад зах зээлээс шууд хамаарна. Өсөлтийн график харахад дараа саруудаас шатахууны үнэ нэмэгдэх дүр зураг харагдаж байна" гэлээ.
Харин АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр, "Хэдийгээр гадаад зах зээлийн түвшинд шатахууны үнийн өсөлт гарсан ч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ-аас цаашид нэгдсэн бодлого хэрэгжүүлэхээр зорьж байгаа.
Цаашид шатахууны үнэ харьцангуй өсөхгүй гэж харж байгаа. Учир нь олборлогч орнууд оны эцэс гэхэд нэг баррель тосны үнийг 100 ам.долларт хүргэхгүй, үнийн өсөлтөд тодорхой хэмжээний хязгаарлалт хийхийн тулд олборлолтын хэмжээг нэмэгдүүлж байна.
Шатахууны үнэ нэмэх асуудал яригдаагүй. Засгийн газрын хуралдаанд цаашид шатахууны үнийн тогтвортой байдлыг хангах чиглэлээ танилцуулна" гэв.