Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б. Наранбаатар: Машин ачилтын компаниуд 15-20 хувийн л ашигтай ажилладаг

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
14 минут 49 секунд

Нийслэлчүүд гэлтгүй хөдөө, орон нутгийн жолооч нарын дунд хамгийн их шүүмжлэл дагуулдаг, мөн хэл ам тойрсон асуудлуудын нэгд багтсаар ирсэн сэдэв бол ачилтын автомашины үйлчилгээ байдаг. Үүнтэй холбогдуулан "Ачигч автомашинуудын нэгдсэн холбоо"-ны тэргүүн Б.Наранбаатартай ярилцлаа.

-Ачигч автомашинуудын холбоо хэзээ байгуулагдсан бэ. Танай холбоо яг ямар чиглэл, зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг талаар яриагаа эхлүүлье?

-Ачигч автомашинуудын холбоо 2015 онд байгуулагдсан. 2015 оноос хойш хувийн хэвшлийн 14 аж, ахуйн нэгж төрийн үйлчилгээний байгууллагатай хамтарч ажилласаар ирсэн. Одоо хувийн хэвшлийн 14 аж, ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн Автозамын хөгжлийн газартай холбон ажиллаж, гүүр нь болж байна. Өнөөдрийн байдлаар 100 ачигч машинтайгаар нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг арилгахаар зорьж байна.

-Ачигч машинуудтай холбоотой байнга шахуу яригддаг хэд хэдэн асуудал байдаг. Тэр тусмаа ачилтын үйл явцтай холбоотой сэдвүүд. Тухайлбал, орон сууцны гадаах зогсоолоос машин ачих, автомашин ачихдаа улсын дугаарыг дууддаггүй гэх мэт. Тэгвэл ачилт хийх нь хууль журмаараа хэрхэн зохицуулагддаг юм бэ?

-Иргэд замын хөдөлгөөний дүрмийг сайн уншиж ойлгоогүй байдаг. Ойлгосон байсан ч тухайн үедээ мартчихсан л байдаг юм. Хороолол дундах зам буюу орон сууцнуудын дундаас машин ачлаа гэж их шүүмжилдэг. Гэтэл тэр нь улсын батлагдсан зам. Аль нэг байгууллагын эсхүл хувь иргэний өмч биш. Бид нийтийн эрх ашгийн төлөө ажиллахаас нэг хүний эрх ашгийн төлөө ажиллахгүй шүү дээ. Хорооллын дундах зам бол улсын батлагдсан зам гэдгийг дахин хэлье. Тэнд замын хөдөлгөөний дүрэм мөрдөгддөг. Мөн тэнд хууль дүрэм мөрдөгдөж л байвал бид замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл саатлыг арилгахын тулд ажиллах л ёстой.

-Автомашины эзэн гарж ирчихээд байхад машиныг нь аччихдаг гэх асуудал иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Иргэд бодит байдлыг зохиомлоор сэтгэж ярина гэж байхгүй. Мэдээж бодит нөхцөл байдал л гэж харж байна. Яагаад жолооч гараад ирчихсэн нөхцөлд автомашиныг хүлээлгэж өгдөггүй юм бэ?

-Хууль зүйн сайдын гаргасан журмын зохицуулалтаар машиныг ачихаас өмнө 3-аас доошгүй удаа чанга яригчаар зарлан мэдээлээд ачих ёстой. Зарлан мэдээлсний дараа тухайн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн машиныг зөөн шилжүүлэхийн тулд бэхэлгээ татлага хийхээс авахуулаад процетурын ажил явагдана. Энэ хугацаанд эзэн холбогдогч буюу жолооч гарч ирсэн тохиолдолд үнэ төлбөргүй буцаан олгож байгаа. Ачих зөвшөөрөл олгосон 300-350 машины тал хувийнх нь жолооч газар дээр нь автомашинаа үнэ төлбөргүй хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн ачих процетурын нөхцөлд жолооч гарч ирсэн тохиолдолд үнэ төлбөргүй өгнө. Харин зөөн шилжүүлж байх явцад эзэн холбогдогч ирвэл өгөхгүй. Журмын хашаанд очиж байж тэндээ асуудлыг шийдвэрлэнэ. Гэтэл иргэд автомашиныг нь ачаад гэрлэн дохио, уулзвар аль эсхүл түгжрэлд зогсож байхад хойноос нь гүйгээд ирдэг. Тэгэхээр манай иргэд тухайн ачигч машин хөдлөхөөс өмнө ирээд үнэ төлбөргүй авна гэдгээ ойлгохгүй байгаа тал ажиглагддаг.

-Ачигч компаниудын ажилчдын ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой асуудлууд их гардаг л даа. Тэр хэрээрээ нийгэмд шүүмжлэл, дургүйцлийн төвд байх нь бий. Тухайлбал, өнгөрөгч зургадугаар сард ачигч компанийн ажилтан жолоочийг түлхэж холдуулаад машиныг ачиж байгаа бичлэг цацагдсан нь олны бухимдлыг төрүүлсэн. Ер нь ачилтын компаниудын дотоод журам гэж бий юу?

-Бид олон гомдлыг цагдаагийн байгууллагад шалгуулаад явж байна. Тухайлбал, Цагаанхуаранд ачигч нар нийлж иргэний автомашиныг дээрэмдэх шахуу аччихлаа гэх бичлэг цахим орчинд тархсан. Тухайн асуудлыг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байгаа. Машин ачихаар ажлаа хийж буй техникийн ажилтан, жолооч хоёрыг дэргэдүүр нь явсан согтуу иргэн ёс бус үг хэллэгээр хараан доромжилж, хоорондын маргаан үүссэн. Тухайн согтуу иргэн нь ачих гэж байсан автомашины эзэн биш. Согтуу иргэнийг холдох талаар хэлэхэд хажуу байрны есөн давхраас бичлэг хийж, цахим сүлжээнд тавьсан байсан. Үүнийг эрүүгийн хуулинд худал мэдээлэл тараах гэж зүйлчилсэн байдаг. Удахгүй шийдвэр гарч, бүх нарийн учир нь ил болох байх.

-Өмнө нь цагдаагийн алба хаагчийн зөвшөөрлөөр ачдаг байсан. Үүнтэй холбогдуулан иргэдийн дунд ачилтын компаниудын ажилчдыг цагдаа нартай тохиролцож, зөвшөөрлийн хуудсыг нь өөрсдөдөө аваад явж байдаг гэх хардлага гардаг. Үнэхээр ийм зүйл байдаг бол засах сайжруулах арга хэмжээ авч чадсан уу?

-2020 оны есдүгээр сарын 1-ны өдрөөс өмнө цагдаагийн алба хаагч бичгээр зөвшөөрөл олгодог байсан. Цагдаад мөнгө өгдөг, авдаг асуудал байхгүй. Цахим системд шилжсэнээр гудамжинд явж буй цагдаа нар машин ачих зөвшөөрөл өгөхөө больсон. Харин ачилтын компанийн илгээсэн автомашины зөрчлийг цагдаагийн алба хаагч хараад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэхийг тогтооно. Зөрчсөн бол зөвшөөрлийг нь цахимаар өгдөг болсон. Зөвшөөрөл өгөх үед ямар компанийн аль ачигч машинаас хүсэлт ирж байгаа нь харагдахгүй. Зөвхөн тухайн ачуулах гэж байгаа машины мэдээлэл л ирнэ. Харин зөвшөөрөл өгөх юм уу татгалзсаны дараа аль компанийн ямар машин гэдгийг харах боломжтой. Тэгэхээр хардлага байхгүй.

“Ачилт бол хувь хүний өмчлөх эрхэд халдаж, хураан авч буй зүйл биш”

-Ер нь ачилтын компаниуд төрд ямар төсөв, татвар төвлөрүүлдэг юм бэ?

-Төрөөс оногдсон бүхий л татвар мөнгөө төлж явдаг. НӨАТ, хүн амын болон орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл гэх мэт. Сүүлд буюу 2020 оны гуравдугаар сарын 21-нд буюу одоогоос жил дөрвөн сарын өмнө Нийслэлийн авто замын хөгжлийн газарт ачилтын 14 компани 60 мянган төгрөгийн 10 хувийг өгөх саналтай байна гэх саналаа хүргүүлсэн. Түүний дараагаар 2021 оны хоёрдугаар сарын 9-нд дахин энэ саналаа хүргүүлсэн. Энэ саналуудыг нийслэлийн авто замын хөгжлийн газар НИТХ-руу оруулж, шийдвэрлүүлэх байх. Ачилтын 14 компанийн гаргаж буй санал бол бидний зүгээс 10 хувиа өгье, түүнээсээ нийслэлийн хэмжээн дэх авто зогсоолыг нэмэгдүүлэх, тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, нийслэлийн замын санд төвлөрүүлье гэсэн саналтай байгаа юм. Тэгэхээр энэ бол том ажил. Зогсоол байгуулах нь эргээд жолооч нарт хэрэгтэй зүйл шүү дээ.

-Ачилтын төлбөрийн хэмжээг хэрхэн тогтоосон байдаг вэ?

-НИТХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 24-нд гаргасан тогтоолоор мотоциклыг 30 мянга, суудлын автомашиныг 60 мянга, том оврын автобус, ачааны машиныг 90 мянган төгрөгөөр зөөж шилжүүлнэ гэж заасан байдаг. Тухайн тогтоолын хэрэгжилтийн хүрээнд л ачилтын компаниуд ажиллаж байгаа.

-Ачилтын төлбөрийг хаанаас, юунд үндэслэж ийнхүү тогтоосон юм бэ?

-Тухайн 60 мянган төгрөгийг тогтоож байхад ажлын хэсэг байгуулагдаж байсан. Ажлын хэсгээр хэд хэдэн судалгаанууд явагдсан. Саяхан хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ, мэдээлэл бэлтгэсэн байхыг харлаа. Өдөрт 100-150 автомашин ачдаг гээд тухайн тоог 60 мянган төгрөгөөр үржээд их тоо гаргаж ирээд ард иргэдэд шууд мэдээлчихээд байх юм. Тэр байгууллагад зардал гардаггүй юм уу. Ачигч машин ч түлш, ажилчдын цалин мөнгө, журмын хашааны түрээс, тэдний нийгмийн даатгал гэх мэтчилэн зардал байна шүү дээ. Түүнчлэн НӨАТ-ын татвар, хүн ам орлогын албан татвар ч төлдөг. Хүний эд хөрөнгийг хамгаалж, хариуцаж байгаагийн хувьд хариуцлага ч хүлээнэ. Ачилтын компани ч асар их зардалтай. Зүгээр нэг авто зогсоолд зогсоогоод ганц, хоёр мянган төгрөг аваад зогсож байгаа зүйл биш. АТҮТ-ийн жишиг үнэ тогтоох аргачлалаар энэ төлбөрийн дүнг гаргаж ирсэн. Захын найман нэрийн дэлгүүр 25 хувийн ашигтай ажилладаг бол ачилтын компани бол 15-20 хувийн л ашигтай ажилладаг юм.

-Ачилтынхныг бусдын үнэтэй жийп машин ачихгүй мөртлөө хэдэн приусүүдтэйгээ үзэлцээд байна гэлцдэг. Энэ тал дээр ярихгүй юу. Эсвэл зөөн шилжүүлэх нь тухайн автомашины чадлаас шалтгаалж байна уу?

-Тэр талаар нарийн сайн мэдэхгүй юм. Гэхдээ манай мэдээллийн санд та бүхний сонирхоод байгаа үнэтэй машинууд ч ачигдсан мэдээллүүд бий. Миний бодлоор Монгол Улсад приүс маркийн автомашин маш их болчихсон. Дүрэм зөрчиж байгаа бүхэн л приус байж таараад түүнийг нь ачихад л жижиг машин ачаад байна гэж иргэд олон нийт хардаг байж болох юм.

-Нэг ачилтын компани дунджаар хэчнээн ажилтантай байдаг вэ?

-Тухайн байгууллагын хүчин чадлаас хамаарч байна. Хамгийн багадаа гурван ачигч машинтай компани байна. Хамгийн ихдээ 17 ачигч машинтай байгууллага бий. Нэг машинд хоёр ажилтан байдаг. Жолооч нараас гадна харуул хамгаалалт, бүртгэл, зохион байгуулагч зэрэг ажлын байр ч байдаг шүү дээ. 14 компанийн хэмжээнд нийт 150 орчим ажилтан байна.

-Иргэдийн зүгээс гаргадаг нийтлэг алдааны талаар яриагаа үргэлжлүүлье?

-Иргэд орох гэж байгаа газрынхаа үүдэнд л автомашинаа байрлуулдаг. Энэ бол иргэдийн нийтлэг гаргадаг буруу зүйл. 500 метр аль эсхүл нэг километрийн цаана машинаа тавиад алхаад ажилдаа очих боломжтой шүү дээ. Гадаад очихоороо дүрэм журмаа биелүүлээд байдаг. Гэтэл Монголдоо ирэхээрээ хууль дүрмээ биелүүлдэггүй. Зогсоол байхгүй биш байдаг шүү дээ. Жишээлбэл, 100 айлын авто зам маш их ачаалалтай. Тэнд зогсоол байхгүй биш байгаа. Арьсны харшил, өвчин судлалын үндэсний төвийн ард 5 мянган метр квадрат авто зогсоол байна. Одоо очоод үзвэл зогсоол хоосон л байгаа. Гэтэл зам нь түгжрэл, ачаалал ихтэй байдаг.

-Автомашиныг тээвэрлэх, зөөн шилжүүлэх явцад гэмтэл, хохирол учруулсан тохиолдолд иргэд хаана хандахаа мэдэхгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэсэн үү?

-Алдаа дутагдал үргэлж биш ч хааяа нэг гарна. Ачигч автомашины байгууллагуудыг эрсдлийн даатгалтай болгосон. Эрсдлийн даатгалтай болгосноор тухайн ачиж буй автомашиныг эвдсэн тохиолдолд тухайн ААН байгууллага хохирлыг 100 хувь барагдуулна. Түүний дараа тухайн ААН байгууллага нь даатгалд хандаж мөнгөө авна. Даатгалын системээр шийдсэн гэсэн үг.

-Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу өмчлөх, эзэмших эрхтэй. Тэгвэл зөвшөөрөлгүй байдлаар ч юм уу ачилт хийж байгаа нь хувь хүний эрх, өмчид халдаж буй хэлбэр биш үү. Та бүхэн иргэний болон Үндсэн хуулиас давсан журам тогтоочихоод байна уу л гэж харж байна?

-Хууль зүйн сайдын гаргасан журам буюу нийслэлийн ИТХ-ын тогтоолын дагуух тогтоолууд бүгд ажлын хэсэг байгуулагдаж байж гардаг. Түүнээс биш хэн нэгэн хүн гэнэт гаргачихдаг журам биш шүү дээ. Өмчлөх эрхэд халдаж, хураан авч буй зүйл биш. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу нийтийн эрх ашгийн төлөө л бид түр хугацаагаар тухайн автомашиныг зөөн шилжүүлж буй хэлбэр.

-Жил ирэх тусам тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх нь ойлгомжтой. Үзүүлэлтээс харахад ачилтын тоо нэмэгдэж байгаа юу?

-Ачилтын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Монгол Улсад импортын машин их болчихсон. Улаанбаатар хотод гэхэд 600 мянган тээврийн хэрэгсэл зорчиж байна. 600 мянган машин дотроос замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, амьдралдаа нэг ч удаа торгуулж, ачуулж үзээгүй сайн жолооч байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт дунджаар 100-150 автомашин л ачигддаг.

Ц.Янжиндулам

ТОЙМ: Өчих мэхээр медаль өвөртлөсөн удаах өдөр
ТОЙМ: Өчих мэхээр медаль өвөртлөсөн удаах өдөр
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.