“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх барилдаан болж өндөрлөлөө. Манай жүдоч олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатар дөнгөж сая хүрэл медалийн төлөө Канадын жүдоч Артур Маргэлидонтой барилдаж хүрэл медаль хүртсэн юм. Олимпын дараа тэрбээр сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрбээр "2016 оны олимпт би хожигдсон. Уг хожигдлын буруугаа өөртөө өгсөн. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд аварга болно гэж бодсон ч чадаагүй. Гэхдээ тэнгэрт байгаа аав, саяхан мэндэлсэн хүүдээ энэ олимпын хүрэл медалиар том бэлэг барьж чадлаа. Хайртай ханьдаа, намайг төрүүлж өсгөсөн ээждээ, бяцхан хүүдээ, анхны багш, та бүхэндээ баярлалаа.
Өнөөдрийг хүртэл миний зорьсон зүйл үүгээр зогсохгүй. Миний оргил хаана байгааг би өөрөө тогтоохыг хүсэж байна. Токиод ирэхдээ би өөрийнхөө биеийг 100 хувь бэлэн байдалтай авчирсан. Хэнтэй ч таарсан ялна, олимпын аварга болно гэсэн зорилготой ирсэн.
Надад тусалж дэмжсэн бүх хүмүүс, анхны багш Ц.Шийрэв багшдаа, төрүүлж өсгөсөн ээждээ, аавдаа, хайртай ханьдаа, бүгдэд нь дахин баярлалаа. Нэрийг нь дурьдах ёстой маш олон хүн миний ард байгаа. Маш их баярлалаа. Би чадсандаа баяртай байна" гэлээ.