Тунис улсын Ерөнхийлөгч Ерөнхий сайдаа ажлаас нь огцруулж, парламентын гишүүдээ тараасан байна. Учир нь тус ард иргэд Засгийн газраа цар тахалтай буруу тэмцэж, буруу зүг чиг рүү удирдаж байна хэмээн эсэргүүцэж, жагсаал цуглаан дэгдээж, жагсаалын үеэр эсэргүүцлээ илэрхийлсэн иргэд болон цагдаагийн алба хаагчдын хооронд мөргөлдөөн үүссэн байна.
Иймд тус улсын Ерөнхийлөгч Каис Саид ард иргэддээ тусалж, шинэ Ерөнхий сайдтай болох тал дээр арга хэмжээ авч, улс орондоо амар тайван цагийг авч ирнэ хэмээн амалжээ. Гэвч Ерөнхий сайдын талын зүгээс Ерөнхийлөгчийг төрийн эргэлт хийхийг оролдож байна хэмээн буруутгаж байгаа аж.
Ерөнхий сайд огцорч, парламент тарсаны дараа иргэд эсэргүүцлийн жагсаалаа зогсоож, баярын жагсаал хийсэн байна. Эсэргүүцлийн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч цацаж, хэд хэдэн иргэнийг баривчилжээ. Жагсагчид эрх барьж буй намын барилга руу дайран орж, орон нутгийн төв байрыг шатаасан байна. Үүнд эрх барьж буй намынхан дургүйцэж, эмх замбараагүй байдал үүсгэсэнд жагсагчдыг буруутгажээ. Тус улсын Ерөнхийлөгч хэрвээ жагсагчид руу зэвсэг ашиглаж байгаа тохиолдолд зөрүүлээд цэргийн хүч хэрэглэнэ гэдгээ анхааруулсан аж. Тунис улсын Үндсэн хуулинд парламентыг тараах, огцруулах эрх мэдэл Ерөнхийлөгчид байхаар хуульчилсан байдаг тул давуу эрх мэдэлтэй байгаа юм байна.
Ерөнхийлөгч өөрийн давуу эрхтэй байдлаа ашиглаж, төрийн эргэлт хийх гэж байна хэмээн парламентийн дарга нар буруутгаж байна. Сүүлийн 10 жилд Тунис улс эдийн засгийн хямралтай нүүр тулж, түүнтэйгээ тэмцэж байгаа. Гэвч Африкын улс орнууд дундаас коронавирусийн халдвар хамгийн их тархаж буй улсуудын нэгд багтаж байна. Тус улсад цар тахал өргөн хүрээтэй тархаж байгаагаас эдийн засгийн хямралтай дахин тэмцэж байгаа юм.