Эрүүл мэндийн яамнаас Covid-19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа "Долдугаар сарын эхээр хөдөлгөөний дундаж нэлээн буурсан байна. Улаанбаатар хотод халдварын шинжилгээнд эерэг илрэх хувь 30-аас 17.5 болж буурсан үзүүлэлттэй байгаа. Долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар орон нутагт халдварын шинжилгээнд эерэг илрэх хувь 22 болж, өндөр хэвээр байна. Улаанбаатар хотын хэмжээнд халдварын тархалтын эрч саарч байна. Халдварын дараагийн давалгаа үүсэх эрсдэл байсаар байна. Нийт хүн амын дархлаажуулалтын хувь 60 гаруй болсон. Хүн амын хөл хөдөлгөөн ихэсвэл нэмэгдэх эрсдэлтэй" гэлээ.
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан "Коронавирусийн альфа хувилбар 180 улсад бүртгэгдээд байна. Харин бета хувилбар 130 улсад бүртгэгдсэн. Мөн халдварын гамма хувилбар 78 улсад бүртгэгдлээ. Одоогоор илрээд байгаа мутацилагдсан вирусийн хувилбаруудаас дельта хувилбар хамгийн халдварлах чадвар өндөртэй. Тодруулбал, дельтавирусийн хувьд эсийн дотор илүү амархан нэвтэрдэг. Ингэснээр эд, эсийг амархан эмэгшүүлдэг.
Халдварын анхны хувилбарын нууц үеийн дундаж хугацаа 5.2 байсан бол дельта хувилбарынх 4.4 байна. Халдварлах хугацаа нь альфа хувилбарт 12 хоног гэж байсан бол дельта хувилбарт 6.7 өдөр байгаа юм. Энэ нь дельта хувилбарын халдвар авч, цаашид тархах хурд нь өмнөх хувилбараасаа хурдан гэдгийг харуулж байна. Хүн хоорондын зай барих хэрэгтэй. Өнөөдөр ашиглаж буй бүх вакцинууд тухайн хүнийг вирусийн халдварт өртөхөөс 85-100 хувь хамгаалж байгаа" гэсэн юм.