Бид сэтгэл сэртхийлгэм бүхэнд шуугидаг ч хэсэг хугацаа өнгөрөхөд мартаж орхидог ард түмэн. Коронавирусийн улмаас 707 иргэнээ алдчихаад байхад бид тайвширсан хэвээр байна. Гэтэл халдвараас хамгаалсан амь насаа усны ослоор алдаж буй тохиолдол амралтын ес хоногт хэдэнтээ давтагдлаа. Ердөө наадмын гуравхан хоногийн дотор 15 хүн усанд осолдож, тэнгэрт дэвшжээ. Үүний 13 нь насанд хүрсэн хүмүүс бол хоёр нь бага насны хүүхэд байсан аж. Хайрлаж, хамгаалах ёстой хоёр бяцхан иргэнээ усны ослын улмаас алджээ. 707, 15, 2 эдгээр нь зүгээр л ТОО юу. Энэ тоо нэмэгдсэн ч бид тоохгүй орхиод маргаашийн цэнгэлээ хөөх үү. Аялал, зугаа цэнгэлээ хойш тавиад амь насаа, урт удаан амьдралаа өрнүүлэх цаг хугацаагаа хайрлах, бодолцох үе ирснийг энэ ТООНУУД өгүүлж байна. Аяла, зугаал. Таны эрх. Гэхдээ яагаад хувь хүний үүргээ ухамсарласан, хариуцлагатай ялагч байж болохгүй гэж.
Их хотынхон нууртай, устай амарч болох бүх л газар руу түгжрээ үүсгэх шахуу цувж байна. Орон нутгийн халдварын тоо голомт гэгдэх Улаанбаатарын тохиолдолтой тэнцэж, аялаж зугаалгын үед амь насаа усны ослоор алдах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан мэдээллээ. Албаныхан ард иргэдээ усанд осолдохоос мянгантаа сэрэмжлүүлсэн ч нэмэр өгөх нь тааруу. Үнэн хэрэгтээ усны осол нь хувь хүний хариуцлагатай шууд холбоотой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд ороогүй бол, гол усны ойролцоо бяцхан үрсээ хараа хяналтгүй орхиогүй бол өнөөдөр хэдэн амь бидний дэргэд байх байсныг тааварлашгүй. Баяр наадмын өдрүүдээр олгосон олон хоногийн амралт үргэлжилж байгаа билээ. Үлдсэн амралтын хэдэн өдөртөө хайртай бүхэндээ юу юунаас илүү анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Урин дулааны улирал эхэлсэн энэ үед ихэнх нутгаар бороо хур ихтэй өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор гол усны төвшин нэмэгдэх, үерлэж зам, гүүр эвдрэлтэй байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж буй. Иймд аялал зугаалгын үед өөрийгөө болоод хайртай бүхнээ эрсдэлд бүү оруулаарай. Усны ослоос иргэдийн насыг хамгаалахаар ажиллаж буй завьт эргүүлийнхэн “Усны осол хоромхон зуурын хариуцлагагүй үйлдлээс үүддэг” гэдгийг хэлж байв. Бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бороо, хур элбэг байгаа тул баталгаатай зам гүүрээр зорчоорой.
Бид цар тахлыг нэг өдөр мартаж болох ч, маргааш бидний хэн нь ч халдварын эрсдлийг тээсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд аялал зугаалгын алтан дүрмээ “Халдвар хамгааллын дэглэм” болгож, хайртай бүхнээ усны ослоос хамгаалцгаая, иргэд ээ.