Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Дельта“ вирус тархаж байгаа энэ цагт гадаадын нислэгт онцгой анхаарах ёстой

Ангилал
COVID-19
Огноо
Унших
2 минут 37 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 12 -нд Улсын Онцгой комиссын Шуурхай штабт ажилласан. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа. Тэрбээр "Сүүлийн 24 цагт /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, халдварын байдал сүүлийн гурав хоногт харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50, энгийн 1200 ор сул буюу нийт орны 18,1 хувь нь сул байна. Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажил эрчимтэй хийгдэж байна. Тухайлбал, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны шинэ байранд дэлгэсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байна. Наадмын амралтын өдрүүдээр орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж, сүүлийн гурван өдөрт л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсан" гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарахыг аймгийн удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн олон улсад дельта вирусын тархалт нэмэгдэж буй учир гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой гээд энэ асуудлаар энэ баасан гарагт болох Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэг болгов. Цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг үргэлжүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө. Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол Улс болжээ. Тиймээс иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас орон нутаг руу зорчиж байгаа нийслэлийн иргэн бүр хариуцлагатай байхыг тэрбээр уриаллаа.

ТЦА: Сэтэрсэн даланг янзалж, зам даваа саадгүй болсон
ТЦА: Сэтэрсэн даланг янзалж, зам даваа саадгүй болсон
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.