УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Өнөрболор Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож буй Өлзийсайханы Энхтүвшинд тусгайлан баяр хүргэлээ.
Тэрбээр "Монгол улсын гадаад харилцааг эдийн засагжуулах чиглэл бид их ярьдаг. Төдийлөн дэвшил гарахгүй байна. Цар тахлын дараах үеийн эдийн засгийн сэргэлтийн тодорхой бодлого төлөвлөгөөтэй элчин сайд бүр ажилламаар байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хамтын ажиллагааны хөрөнгө оруулалт, найрамдалт улсуудын уулзалтуудыг идэвхтэй олон талт, үр ашигтай ажлуудыг зохион байгуулж улс орны гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах тал дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. ОХУ-д суух элчин сайдаар маш туршлагатай, зүтгэлтэй, санаачлагатай улстөрч Ө.Энхтүвшин сайдыг томилогдох гэж байгаад би онцгойлон баяр хүргэмээр байна. Энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой болж байна. ОХУ-тай батлан хамгаалах, шинжлэх ухаан, эдийн засгийн салбаруудын үр ашигтай хамтын ажиллагаануудыг өрнүүлэх жил байна гэдэгт итгэлтэй байна" гэв.