УИХ-ын чуулганы хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн 9.2 дахь хэсэгт Кино урлагийн зөвлөлийн хараат бусаар ажиллах зарчмыг, 9.3-т уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулахаар тусгасан. Холбогдох журмын дагуу мэргэжлийн төрийн бус байгууллагаас нэр дэвшүүлсэн иргэнийг зөвлөлийн гишүүнээр томилох асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталгаажуулна гэдэг агуулгаар цаашид Засгийн газар журмаар зохицуулаад явахаар болсон юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Кино урлагийн зөвлөл гэж байгаа юм байна. Манайд маш олон зөвлөл байдаг. Дандаа орон тооны бус зөвлөлүүд байдаг. Гэтэл кино урлагийн зөвлөл орон тооны даргатай байх ямар шаардлага байна. Цаашдаа буруу жишиг тогтоно. Эрүүл мэндийн даатгал бас зөвлөлтэй. Дарга нь орон тооны бус. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг зарцуулдаг дарга нь орон тооны бус байхад Кино урлагийн зөвлөл орон тооны дарга, төрийн албан хаагч байна гэнэ. Хууль хийх болгондоо зөвлөл хийгээд, тэр нь орон тооны даргатай байж болох юм уу"
Соёлын сайд Ч.Номин "Энэхүү зөвлөл нь төрийн төсвийн зарцуулалт дээр орж ирж байгаа учир дарга нь төрийн албан хаагч гэж байгаа. Мөн Монгол Улсыг олон улсад танин түгээх, сурталчлах зориулалттай хийгдэж кинонуудад шийдвэр гаргаж байгаа учир төрөөс ямар нэгэн хяналт тавих шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн ажлын албатай, түүнийгээ удирдан зохион байгуулах учраас төрийн албан хаагч гэж үзэж байгаа. Журмандаа Төрийн үйлчилгээний албан хаагч гэж явж байгаа. Кино урлагийг дэмжих сангийн тухайд 2020 онд хуулинд орсон. Тус хуулиндаа гол зохицуулалтыг хийж байгаа. Зарим нь эргэн төлөх нөхцөлтэй зээл, зарим нь эргэн төлөхгүй, санхүүжилт байдлаар орж байгаа. Бид дэлхийд кино урлагаар дамжуулж өөрсдийгөө таниулах боломжтой. Энэхүү сан нь 10 тэрбум төгрөгийн сан байгаа" гэлээ.
Улмаар санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэнээр Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулахаар Байнгын хороонд шилжүүллээ.