Засгийн газрын ээлжит хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зөвхөн Улаанбаатар хотод цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Наадам зохион байгуулахтай холбогдуулан Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэл хийлээ.
Соёлын дэд сайд, урлаг соёлын салбар хорооны дарга М.Батбаяр “Наадмын ерөнхий найруулагчаар СГЗ найруулагч Н.Наранбаатар, ерөнхий продьюсероор УГЗ найруулагч Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар “Херо” энтертайнментийн захирал Б.Баатар нар томилогдсон. Энэ томилгоо хэвээрээ байгаа. Тэгш ойтой жилүүдэд ардын хувьсгалын ойн медалийг бий болгодог түүхтэй. Ойн медалийг бий болгохоор загвар дизайныг нь гаргаж, ЗГ-т хоёр удаа танилцуулж дэмжсэн. Одоо УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд явж байна. Ардын хувьсгалын ойн медалийг бий болгох нь УИХ-ын бүрэн эрхэд байгаа” гэлээ.
Үндэсний их баяр наадам зохион байгуулах ажлын хэсгийн хорооны дарга н.Баатархүү "Энэ жил наадмыг хүй долоон худагт цахим байдлаар зохион байгуулах бэлтгэл ажил эхэлж байна. Энэ жил наадмын төсвийг 2.8-3 тэрбумаас хэтрүүлэхгүй гэх байр суурьтай байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойн асуудал бол бүтэн жил явуулахаар төлөвлөсөн ажлууд юм. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн бүтэн жилийн үйл ажиллагааны санхүүжилт. Наадамд оролцож буй оролцогчид гурван хоногийн турш шинжилгээ өгч, Хүй долоон худагт байрлах аж. Ингэхдээ вакцины тунг бас нэг шалгуур болгож харна гэлээ. Харин унаач хүүхдийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг бариулах тал дээр ГБХЗХГ болон Морины салбар хороо хариуцсан хүмүүстэй ярилцаж, шийдэлд хүрнэ хэмээн мэдээллээ.
"Наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөгийг зарцуулна"
Наадмын ерөнхий продьюсер, УГЗ найруулагч Г.Цоггэрэл “100 жилийн наадмыг гурван найруулагч найруулах талаар Н.Наранбаатар, Б.Баатар бид гурав зөвшилцөж байж орсон. Б.Баатар, Н.Наранбаатар хоёр аль аль нь өөрийн найруулгын онцлогтой. Н.Наранбаатар бол тайз дэлгэцийн болон амьд байгаа орчины найруулгыг маш сайн хийдэг найруулагч. Б.Баатар дэлгэц, камераар дүрслэлийн найруулгыг сайн хийдэг. Наадмыг цахимаар хийх шийдвэр гаргасан учраас цахим наадмын найруулагчаар “Хэро” Б.Баатарыг тавья гэж ярьсан. Гэхдээ бид гурвуулаа наадмын найруулга, зохиолд оролцож ажиллана. Цахимаар зохион байгуулах учраас аль болох цөөн хүн оролцуулна. 250 орчим уран бүтээлч, 100 цэрэг цахим наадмын контентод оролцоно. Уран бүтээлчдээс тогтмол PCR шинжилгээ авч, Хүй долоон худагт бүх халдвар хамгааллын дэглэмийг баримтлан, байрлаж ажиллана. Наадмын контентод “Нарны домог” консепцийг барьж байгаа. Урьд жилүүдэд наадмын нээлт хаалтын зардал 600-700 сая байдаг байсан. Энэ жилийн наадмын нээлт, хаалтад 850 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөгдсөн” гэлээ.