Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарч, У.Хүрэлсүх ялалт байгуулсанд МАН-ынхан баярлаж гол усаараа л нэг юм болж байна. Гэхдээ улс төрийн хүрээнийхэн дунд дэндүү ойлгомжтой үр дүн байсан тул эрх баригчид төдийлөн барьц алдахгүй байх шиг ажиглагдлаа.
Энэ хэрээрээ Ардын нам дотор У.Хүрэлсүхийг явсны дараа өрнөх эрх мэдлийн дахин хуваарилалт болон Ерөнхийлөгчийн институц дээр шинээр гарч ирэх ажил албаны талаарх яриа хэлэлцээрүүд аль тэр нэг тийшээ болсон сурагтай. Эх сурвалжийн мэдээлж буйгаар шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, Шадар сайд асан Я.Содбаатар нарын нэг явахаар тохирсон гэнэ. Хальтхан генсекийнхээ нэрийг МАН-ынхан өөрсдөө энд тэнд цухалзуулсан ч, төдийлөн өндрийг авсангүй. Магадгүй тандалт, эсвэл дэвшүүлэн “холдуулаач” гэх агуулгатай Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй намын даргын өрсөлдөөнд “дурлаж” яваа нөхдийн явуулга байхыг үгүйсгэхгүй. Ямартаа ч генсек бууриа бараг л сэлгэхгүй болов уу. Намаа дахин нэг үнэмлэхүй том ялалтад хөтөлсөн Д.Амарбаясгалан иймэрхүү ялихгүй зүйл хийхгүй нь ойлгомжтой. Эсвэл бүр хэл амнаас хол 2024 оныг өнгөртөл ЕТГ-т очиж амар тайван суухыг ч эрхэмлэж болох л юм.
Гэхдээ эх сурвалжуудын хэлж буйгаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Шадар сайд асан Я.Содбаатар явах магадлал нь арай илүү болсон гэнэ. Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар хоёулаа Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийн ойрын хүмүүс. НАМЗХ-оор дамжиж улс төрд хөл тавьсан тэдний улс төрийн ойлголцол маш нарийн нягт гэдгийг намынхан нь бараг бүгд хэлдэг. Я.Содбаатарын хувьд У.Хүрэлсүхийг 2017 онд Ерөнхий сайд болоход Зам тээврийн хөгжлийн сайдад томилогдсон ч ЖДҮ-гийн гэх асуудлаасаа болж нийгмийн шахалтад өөрөө санал гаргаж албан тушаалаасаа огцорч байсан. 2020 оны сонгуулийн дараа У.Хүрэлсүхийгээ дахин Ерөнхий сайдаар томилогдоход шинэ танхимд нь дахин орж Шадар сайдын албыг хашсан ч бас л “азгүйтэж” У.Хүрэлсүх ЗГ-аас огцруулсан. Хоёр ч удаа азгүйтсэн тэр магадгүй энэ удаад элдэв улс төрийн “хайчин галд” орох нь харьцангуй бага ЕТГ-ын даргын албанд томилогдох бололтой. Нэг зүйлийг сануулахад саяын сонгуулийг Я.Содбаатар нь Д.Амарбаясгалангийн хамтаар хариуцаж ажиллаад том ялалт байгуулсан.
Харин Ж.Энхбаярын хувьд ЕТГ-ын даргад яригдаж байгаа хүчтэй “өрсөлдөгч” нарын нэг хэдий ч ойлголцолд хүрч Батлан хамгаалахын сайдад явахаар тохирсон гэх яриа Ардын намын саарал ордонд сонсогдож эхлэв. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн засаг энэ намар ерөнхийдөө "хөдөлнө". Харин хүндээр хөдлөх үү, бага зэрэг доргио ороод зогсох уу гэдэг нь одоогоор үнэхээр тодорхой бус байна. Ямар ч байсан намар Байгаль орчин, Соёл, Батлан хамгаалах, Эрүүл мэнд зэрэг яамдын сайдууд сэлгэгдэж магадгүй гэх яриа улс төрд сүүлийн үед яригдах болов. Огцрох үйл ажиллагаа өрнөхгүй ч гэсэн Ерөнхий сайд намар дахиад бүтцээ хийнэ гэдгээ анх томилогдохдоо л хэлсэн. Тиймээс энэ хөдөлгөөний үеэр У.Хүрэлсүх Ж.Энхбаярыгаа хуучин яаманд нь тохоон томилуулж магадгүй гэнэ.
ЕТГ-ын даргын томилгоо Ардын нам доторх их хөл, хөдөлгөөний дөнгөж эхлэл байх болов уу. Юу болохыг харж л байя.
Г.Лхагвадорж