Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц 23.31 хувьтай байна. Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электарот" эвслээс Д.Энхбат нар дэвшиж байгаа юм. Харин санал хураалтын үеэр саналын хуудсаа дэлгэсэн болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргавал Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах юм.
Тэгвэл өнөөдөр иргэн Б.Цэцэг Сонгинохайрхан дүүргийн хэсгийн хороонд очиж санал өгөхдөө, бүх үйл явцаа дүрсжүүлж аваад фэйсбүүктээ тавьжээ. Хэдийгээр цагаан сонголт хийх эсэх нь тухайн хүний асуудал ч гэлээ саналын хуудсаа ил барин дэлгэсэн нь Зөрчлийн хуулийн дагуу 10 сая төгрөгөөр торгуулах үйлдэл аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд,
62.13.Сонгогчид дараах зүйлийг хориглоно:
62.13.1.тухайн санал авах байранд саналаа өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, эсхүл өөр хүний бичиг баримт, хуурамч бичиг баримт ашиглах зэргээр санал өгөх, санал өгөхийг оролдох;
62.13.2.тухайн хэсгийн хорооноос олгосноос өөр саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, эсхүл санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах;
62.13.3.саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа болон бусад сонгогчийн саналыг баримтжуулан зураг авах, дүрс бичлэг хийх, шууд дамжуулах зэрэг үйлдэл гаргах;
62.13.4.саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээг бусдад харуулах, зориулалтын бус үзгээр санал тэмдэглэх;
62.13.5.аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авахыг хориглох юм байна.