Өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр орсон борооны улмаас үер, усны 10 дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63, 34,74, 10, 29 дүгээр ангиудын 70 гаруй алба хаагч, 10 автомашинтайгаар аюулгүй байдлыг ханган ажиллажээ.
Тухайлбал Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Дамбадаржаагийн 81, 15 дугаар гудамжинд айлын хашаа усанд автсаныг соруулж, шуудуу ухаж, 18 дугаар хороо Сэлх зусланд байрлах далан бөглөрсөн байсныг сэтлэн хэвийн байдалд оруулж, аюулгүй байдлыг хангаж ажиллаласан байна.
Мөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 35,63 дугаар ангийн 18 алба хаагч 20:30 цагийн байдлаар дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 104 дүгээр байрны зоорийн давхарт дүүрч, авто зам руугаа хальсан усыг соруулж, шуудуу ухжээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 13 алба хаагч, тус дүүргийн 19 дүгээр хороо Сэлбэ голын эрэг дагуу Зунжингийн зүүн талд 6 айл, Зуун модны задгайд 3 айл усанд автсаныг аюулгүй байдлыг нь ханган ажиллалаа.
Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар