Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд түргэвчилсэн шинжилгээгээр дөрвөн сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд оношийг баталгаажуулахаар PCR шинжилгээний хариуг хүлээж байгааг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Тус суманд хөл хорио тогтоож явган хүний хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Иргэдийг онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байгаа юм. Энэ талаар аймгийн Засаг дарга Ш.Оргил “Өнөөдрийн байдлаар давтан PCR шинжилгээ хийлгэх зургаан хүн байна. Мандал, Сүхбаатар, Жавхлан суманд сэжигтэй тохиолдлуудыг давтан шинжилгээгээр оношийг баталгаажуулна.
Сүхбаатар суманд бүртгэгдсэн сэжигтэй дөрвөн тохиолдлын нэг нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал. Нөгөө нь Covid-19 халдвар гарсан нийтийн байраар орж, гарсан мэдээлэл байна. Үүнд тандалтын багийнхан ажиллаж, маршрутыг нь тогтоохоор ажиллаж байна. Сүхбаатар суманд хөл хорионы дэглэмд шилжиж, хүчний байгууллагынхан хяналт тавьж ажиллаж байна. Одоогоор эх үүсвэр нь тодорхойгүй халдварын голомт аймгийн хэмжээнд байхгүй. Гэхдээ иргэд шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна” гэв. Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 19 тохиолдол шинээр бүртгэгдсэн болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн билээ.