Хорих ангиудад коронавирусийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан ХЭҮК-оос ял эдэлж байгаа эрсдэлтэй бүлгийн иргэдийг суллах зөвлөмжийг Хууль зүйн сайдад хүргүүлжээ.
Энэ тухай ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан “Хорих ангиудад агааржуулалтын системгүйгээс хоригдол болон хоригдогч нар халдвар ихээр авч байна. Дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт 329 хоригдол /хоригдогч халдвар аваад байна. Нийт 150 хоригдлыг тусгаарласан. Халдвар авсан хоригдлуудыг 2-8 хүнтэйгээр тусгаарласан байна. Энэ нь олон улсын байгууллагаас өгсөн зөвлөмжөөр болохгүй. Ганц, ганцаар нь тусгаарлах шаардлагатай. Улаанбаатар, Дархан, Хархорин дахь хорих ангийн хүмүүжигч нарт коронавирусийн эхний тунг хийсэн байна. Хоёр дахь тунг цаг хугацаанд нь хийлгэх шаардлагатай” гэв.
ХЭҮК-оос Хууль зүй, дотоод хэргийн сайдад илгээсэн тус зөвлөмжид,
- хоригдлуудыг ганц, ганцаар нь тусгаарлах,
- санхүүжилтийг нь шийдвэрлэн илчлэг, амин дэмтэй хоол, хүнсээр хангах,
- ажилтан, албан хаагчдад илүү цагийн урамшуулал олгох,
- өмгөөлөгчдийн ажиллах нөхцлөөр хангах,
- онлайн уулзалт хийлгэх шаардлагуудыг тусгажээ.