Монгол Улсын 30 болон 31 дэх Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн цагаасаа хойш анх удаа хэвлэлд "АМ НЭЭЛЭЭ". Тодруулбал, тэрбээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, Улс төр, гадаад мэдээллийн албаны дарга Д.Мөнгөндалайд огцорсныхоо дараа ба "дэвших"-ийнхээ өмнө ийнхүү бүрэн хэмжээний ярилцлага өглөө. Түүнийг юу гэж ярихыг сэтгүүлчид, улстөрчид, ард түмэн гээд бүгд хүлээж байсан нь үнэн. Хэдий миний хувьд санасан хэмжээний том биш ч, МАН-ын даргын байр сууриар "цангасан" бидэнд хангалттай мэдээллийг сэтгүүлч Д.Мөнгөндалай яриулж, бэлтгэсэн байна. МАН-ын дарга "Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар болон энэ зүйлд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан" гэх зэрэг маш сонирхолтой өнцгүүдийг "хаяжээ".
Ингээд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн ярилцлагын онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэж байна.
1. "...2020 оны нэгдүгээр сарын 23-нд бид хилээ хааж зохих арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч эхэлсэн. Энэ бол маш чухал алхам болсон. Үүний үр дүнд дэлхий нийтээрээ барьц алдан хямарч байхад бид 10 сар дотооддоо коронавирусийн халдвар алдалгүй барьж чадсан юм..."
2. "... 10 сарын хугацаанд эмнэлгүүдээ өргөтгөж, эмч, эмнэлгийн ажилтнуудаа бэлтгэж, хоёр ч шинэ эмнэлгийг ашиглалтад оруулж, эм тариа, тоног төхөөрөмжийн зохих нөөцийг бэлтгэж амжсан..."
3. "...Хүн амаа вакцинжуулж байгаа үзүүлэлтээр манай улс Ази тивдээ бахрейн, саудын Араб, сингапур, катар, монгол гээд эхний тавд явж байна..."
4. "...Шуудхан хэлчихье. улс орон цар тахалтай тэмцэж байхад, улс төрийн цар тахал дээрээс нь нэмэгдвэл энэ улс орон юу болох вэ..."
5. "...Тэр үед цагдаа, тагнуулын байгууллагаас надад тодорхой мэдээллүүдийг өгч байсан. Дараалсан улс төрийн жагсаал цуглаан, өлсгөлөн суулт, үймээн самуун зохион байгуулахаар төлөвлөгдөж байгаа талаар..."
6. "...Харамсалтай нь энэ бүхэнд Ерөнхийлөгчийн албатууд, сөрөг хүчнийхэн маань оролцсон нь асуудлыг улам төвөгтэй байдал руу оруулсан юм..."
7. "...Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төрийн бай нь ч би болж таарсан..."
8. "...Цар тахал дээр улс төр хийж, УОК,Засгийн газрыг огцруулах, дараа нь УИХ-ыг тараах тэгээд нэг хүний засаглал тогтоох гэсэн шат дараалсан үйл явдлууд төлөвлөгдсөн байсан..."
9. "...Засгийн газрыг ажиллах чадамжгүй болгон цаашлаад улс орноо тогтворгүй байдал руу оруулж самралцах. Эсвэл би өөр дээрээ гал авч, шинэ Засгийн газрыг яаралтай байгуулан цар тахалтай тэмцэх ажлыг хэвийн үргэлжлүүлэх гэсэн сонголт л байсан..."
10. "...Би тэдний тавьсан урхинд орж улс төрийн зохиолынх нь дагуу явдаг ч хүн биш, хариуцлагаас зугтдаг ч хүн биш..."
11. "...Би үүнийг гомдол гэхээсээ илүү ажил хий, асуудал шийд, хариуцлага тооц, эхэлснээ дуусга гэсэн зэмлэл гэж хүлээн авч байгаа. Би ажлаа үргэлжлүүлнэ..."
12. "...Улстөрч хүний замд нэг ухраад хоёр урагшлах хүндхэн сорилт тулгарсан гэж ойлгоорой..."
13. "...Шударга ёсны төлөө тэмцэлд үргэлжлэл бий. Би хэлсэндээ хүрч эхлүүлсэн ажлаа дуусгана..."
14. "...Үндсэн хуулийн Цэц хэнээс ч хараат бус шүүх байгууллага. Энд улс төрийн нам битгий хэл төрийн тэргүүн ч нөлөөлж чаддаггүй юм..."
15. "...Эх орончид, бидний өвөг дээдсийн цусаа урсгаж, хөлсөө дуслуулж байгуулсан, тусгаар тогтносон төр улсынхаа зуун жилийн түүх рүү улсын Ерөнхийлөгч хүн хүндэтгэлгүй хандсанд их л харамссан даа.."
16. "...Хэрэв ийм зүйл болдог бол Монголын ардчилал, Монголын эрх чөлөөт нийгэм нуран унаж нэг хүний дарангуйлал тогтох байх..."
17. "...Манай нам ч 10-аад жилийн өмнө энэ зовлонг үзсэн. Ардчилсан нам энэ зовлонг бүү давтаасай гэж би чин сэтгэлээсээ хүсч байна..."
18. "...Би ч гэсэн эцэг хүний хувьд өөрийнхөө үр хүүхдүүдийг нэг хүний зурганд мөргөж амьдраасай гэж хэзээ ч хүсэхгүй..."
19. "...Нэг хүний дарангуйлал руу хэзээ ч явж болохгүй. Хүн засагладаггүй, хууль засагладаг улс байх ёстой..."
20. "...Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хамгийн чухал үүрэг бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байх явдал юм. Түүнээс сөрөг хүчний үүрэг гүйцэтгэгч байж огт болохгүй.Нэг ёсондоо аль нэг намын Ерөнхийлөгч байж бүр ч болохгүй..."
ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин