Улс төр халуунаар "буцалж", ард түмэн ковидод бас улс төрд нь туйлдсан өдрүүд үргэлжилж байна. Улс төрийн "гол тоглогч"-оор МАН-ын гэгээн дүр тодорлоо. Тэд Н.Энхбаяраас эхлээд Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэлх толгойтой болгоныг бөхийлгөж, тойгтой бүхнийг сөхрүүлсээр сонгуульд орох нь. Сүүлийн үед ер нь улстөрд хүнээ "захиалдаг" моод дэлгэрлээ. "Ерөнхийлөгчөө захиалъя" гээд ХҮН намынхан энийг хамгийн бодитоор харуулж, биежүүлж явна. Өнөөдөр энэ талаар бичье.
Ерөнхийлөгчийг "тоглоомоос" гаргасан нь
МАН үнэндээ хүчтэй байна. Улс төрийн бодлогыг бүр алс хэтээс нь бодож, аливаа тохироо улс төрийн нүүдлээ төлөвлөж байна. Анх Ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй байх алхмыг Үндсэн хуулиараа хийчихээд З.Энхболдод баярлаад хөшигний ард сэм инээж байсныг андаа гэж бодож байсан Х.Баттулга нь ч мэдсэнгүй. З.Энхболд нь "могой" барьсанаа ч мэдэлгүй явсаар өнөөдөр Ерөнхийлөгчид ч, намдаа ч "чичлүүлээд" суугаа. Ингээд эртнээс бэлдсэн бантангаа, Цэцийн танхимд "аягалаад", сүүлд УИХ дээр 65-уулаа хувааж "идсэнээр" Х.Баттулгын Ерөнхийлөгч байх улс төр хаагдлаа. Гэхдээ нэг хаалга нээгдэхэд нөгөө хаалга нээгддэг жамаар Ерөнхий сайдад зүтгэх улс төр нь энэ цаг үед давхар эхэлж буйг сануулчихъя. Тартагтаа тулаад буй АН-аа удирдаад, иргэдийн ундуйцал дунд байгаа МАН-ыг 2024 оны сонгуулиар ялаад гараад ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. МАН ингэж Ерөнхийлөгчийг энэ удаагийн сонгуулийн "тоглоом"-оос дүрэмгүй хөөж гаргав.
С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёрын "хайр" сэтгэл
Алиагаа алдсан Ардчилсан намын учрыг олох гэж сууснаас Монголын бүх эмэгтэйчүүдийн учрыг олсон нь хамаагүй дээр. Үнэндээ АН дотор юу болоод байгааг чөтгөр бүү мэд. Ямар ч байсан намынхаа нэрийг сольчихгүйхэн шиг тамга тэмдгээ булаацалдаад л явж байна.
Энэ сул талыг нь МАН бас л ашиглаж байна. АН-ынхан өөрсдөө МАН-ыг манай намыг хуваалаа гэж мэтгэлцдэг. Үнэн хэрэгтээ өөрсдөө арчаагүйдээ л намаа хоёр хуваасан. Үүн дээр нь МАН тоглолт хийгээд байна. Үүний нэг илрэл нь өчигдөр УДШ хуралдаж, тамгаа булаацалдсан О.Цогтгэрэл, М.Тулгатад нарын хэнийг ч нь бүртгэхгүй гэж шийдэв. Энэ шийдвэрийн цаад утга нь С.Эрдэнэ АН-ын хууль ёсны дарга хэвээр байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн Ерөнхий хороо С.Эрдэнийн гарын үсэг, тэмдэгтэй ирсэн нэр дэвшигчийг хуулиараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч хэмээн бүртгэнэ. Энэ үйл явдалд ч гэсэн МАН гар бие оролцож яваа тухай саарал ордноор нэг шуугьж байна. Хэрвээ энэ үнэн бол эрх баригчид намыг нь, хүнтэй нь хамт "захиалчихаж" байгаа хэрэг бус уу. Энэ зохиолын дагуу С.Эрдэнэ сонгуульд нэр дэвшиж өөрийгөө "өгөөш" болгох юм гэсэн. Үүнийг нь ч нотлох мэт С.Эрдэнэ саяхан нэгэнт харайж гарч ирээд "У.Хүрэлсүхэд баярлалаа" нтр гээд л байсан. Энэ үнэн бол ойрын өдрүүдэд С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын ҮБХ дээрээс МАН-ын хүслийг биелүүлэх хүн гарч дэвэх бололтой. Харин тэр нь С.Эрдэнэ өөрөө байх уу, угийн сонин бөгөөд ойлгоход бэрх АН гэнэт өөр хүн гаргаж ирээд "тохироо" эвдэх үү. С.Эрдэнэ гараад ирвэл намаа хуваасан, сонгууль ялагдуулсан, элдэв хэрэг төвөгт холбогдсон гээд АН-ынхан лав дэмжихгүй байх. Энэ нь МАН-д хэрэгтэй.
Бууж өгсөн "хоёр"
МАН-ынхан болон Н.Энхбаяр нарын хооронд буцаад нийлэх "адын бодол" аль оны өмнөөс битүүхэн төрж байсан. Үүнийгээ хэвлэлээр түлхүүхэн зарлаж, "Босоог" гарцгүй болгов. Эрх мэдэл, эрх ашгийн тохироо гэгчийг Н.Энхбаяртай хийлээ. Өчигдөр үүнийгээ эцэслэсэн гэж эх сурвалжууд онцолж байна. Өөрөө ч хөгширч, МАХН нь ч дэмжлэггүй болсон Н.Энхбаяр хэдий болтол санал хуваах тактикаар улс төр хийж намын залуусаа "зовоох" вэ дээ. Нэг талаас сонгосон зам нь зөв ч юм шиг. Бас үнэнд гүйцэгдсэн ч юм шиг. Ингээд МАН бул хар чулуу "Босоо" Ганбааг, Н.Энхбаярынх нь хамт "хэвтүүллээ".
ХҮН-ын "хүнд гарууд"
Сүүлийнх нь ХҮН нам буюу "Зөв хүн электрод эвсэл". Уг нь ХҮН-ын хэдэн "эрүүл" залуус тулхтай, түшигтэй, эрдэм мэдлэгтэй, хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг нэр дэвшүүлчих санаатай байгаа. Гэвч УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй удирдлагууд нь "захиалсан" хүнийг нь дэвшүүлэх гээд байгаа гэнэ. Тэр хүн нь Ц.Оюунгэрэл. Уг нь залуус нь Де Факто Д.Жаргалсайхан гуайг нэр дэвшүүлье гэх бодолтой байгаа юм билээ. Харин өнөөдрөөс хуралдах намын хурлууд нь тэдний хүссэнээр болох эсэх нь эргэлзээтэй. Ц.Оюунгэрэлийг "анхын эмэгтэй Ерөнхийлөгч" гэх нэр дор С.Эрдэнэ, У.Хүрэлсүх хоёртой өрсөлдүүлэхэд АН-ын саналаас л хуваана. АН-ын дэмжигчдийн бараг тал нь С.Эрдэнээдээ, намдаа дүргүйцээд Ц.Оюунгэрэлд өгөх магадлалтай. Дээр нь түүнийг гадаад нөхөртэй гэх зэрэг хуучны балиар технологио ашиглаад аль болох л муухай харагдуулах гэж хичээнэ, ойлгомжтой. Ядаж байхад манай эмэгтэйчүүд аль ч сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчдээ огт дэмждэггүй сонин натуртай улс. Атаархана гэж баймааргүй юм.
"Захиалсан" хоол чинь хоёр удаа түүхийрсэн шүү
Ийнхүү "захиалга" хийгдсэн ёсоор явбал МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнээ, ХҮН-ээс Ц.Оюунгэрэл нар явах бололтой. Сүүлдээ нэг нам улс төрийн сонгуульд ганцаараа оролцох гээд ч байгаа юм шиг хачин байдал үүсчихлээ. Үнэхээр том ойн жилээ эрх баригчид "бяртай" байна. Гэхдээ ганц зүйл сануулж хэлэхэд Н.Энхбаяр чинь Э.Бат-Үүлээс айж Ц.Элбэгдоржийг "захиалаад" унасан. Хамгийн сүүлд М.Энхболд чинь Р.Амаржаргалаас айж Х.Баттулгыг "захиалаад" шороотой хутгалдсан шүү. Энийг ганц би биш, танай намын С.Баяр, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар чинь бүгд л хэлээд байгаа шүү. Ерөнхийлөгчид нэр дэвших үйл явц хэрхэн үргэлжлэхийг хамтдаа харах л үлдлээ.
Г.Лхагвадорж