ХҮН-ын Удирдах зөвлөлийн хурал хойшилчихгүй л бол өнөөдөр болно гэж эх сурвалж мэдээлсэн. Ардчилсан намд итгэдэг иргэд болон намд итгэдгүй хэсгийн итгэл уг нь энэ жил ХҮН-ыг битүүхэн хүлээж байгаа. Хэнийг нэр дэвшүүлэхээс нь шалтгаалаад энэ нам бүүм тавьж магадгүй. Гэхдээ улс төр л болсон хойно. Ах намуудын "хор" ХҮН рүү гүйчих гээд тун зовлонтой хачин гал дунд байгаа болов уу гэж харж байна. Нэгдээд нэг болчихож чаддаггүй АН, улсын дээр намаараа гараад суучихсан МАН хоёрт ард түмэн өдрөөс өдөрт дургүйцлээ илэрхийлсээр байна. Ковидын зохион байгуулалтгүй, урагшгүй ажлаас нь эрх баригчдад хангалттай хасах оноо өгсөөр байна. Уг нь энэ "үүлэн чөлөөний" сиймхийгээр ХҮН гүйчихвэл их л зүгээр харагдаад байгаа. Гэвч улс төрийн тоглолт, ах нарынхаа нөмөр нөөлгөөс салахгүй нь бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар ХҮН-ын Удирдах зөвлөлийн эрх мэдэл багатай гишүүд, жирийн гишүүд дэмжигчид нь намынхаа удирдлагуудтай хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг дээрээ зөрчилтэй байгаа гэнэ. Гэхдээ тэдний хэрүүл тийм аймаар том биш. Ерөнхийдөө удирдлагууд ба Удирдах зөлөлийн гишүүд нь УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, эдийн засагч Де Факто Д.Жаргалсайхан нар дээр санал хуваагдсан гэнэ.
УИХ-ын танхимд түрүүлж хөл тавьсан Т.Доржханд, намын дарга Б.Найдлаа тэргүүтэй удирдлагууд нь Ц.Оюунгэрэлийг энэ "наадам"-д нэр дээрээсээ "босгочих" гээд, нөгөө талд нь гишүүд нь Эдийн засаг Д.Жаргалсайхан зүтгүүлчих гээд байгаа гэнэ. Т.Доржхандтангууд мэдээж МАН-ын "хатгаасаар" Ц.Оюунгэрэлийг дэвшүүлж, АН-ын саналаас санал хуваах тактикийг барьж байгаа байх. Цэц дээр хүртэл ХҮН-ын "аваргууд" гүйж байгаад Х.Баттулга Ерөнхийлөгчид "дэгээ" тавиад амжсан. УИХ-ын гишүүд хүртэл ХҮН-ынхан МАН-д тусаллаа гээд л байна лээ.
Удирдах зөвлөлийн нөгөө гишүүд нь энэ сонгуульд цэвэр "байгалиараа" оролцохыг илүүд үзэж байна. Тэдний санал болгосон Де Факто бол нэр хүндтэй, бусдад ад шоо үзэгдээд байхгүй, эрдэм мэдлэгтэй, харагдах байдал нь хүртэл соёлтой, дипломатч Де Факто гуайг нэр дэвшүүлээд азаа үзье гэсэн саналтай байгаа аж. Нээрээ ч эдийн засаг Д.Жаргалсайхан гуайгаас ухаад өгье гэсэн ч муу нэр луу данс гарч ирэхгүй байх. Мань хүн өөрөө ч ХҮН-ынханд талтай байдаг. Үүнд нь ч дулдуйдаад ХҮН-ынхан Д.Жаргалсайхан эдийн засагчийг Ерөнхийлөгчид дэвших хүсэлт хүртэл клабхаус дээр тавиад байна лээ. Эцэст нь МАН-ын бодлого гүйх үү, ХҮН өөрөө бодлоготой байх уу гэдэг сонголтын өмнө ирлээ. Хоёр горилогчийн аль "виз"-ээ авсан нь "Зөв хүн электрот" эвслийн нэр дээрээс Ерөнхийлөгчид үзнэ. Амьдрал дээр эцсийн шийдийг эвсэл дотроо "эр бяртай" байгаа ХҮН гаргана ойлгомжтой. Эвсэлд багтдаг Монголын Социол демократ нам, Зүй Ёс нам хоёр нь арай хүн дэвшүүлнэ гэж муйхарлахгүй байлгүй.
Ингээд ХҮН-д юу болохыг анхааралтай ажиглаж л байя. Эрх баригчид ч муухай "бяртай" байгаа даа...
Г.Лхагваа