Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хунтайж Филиппийг Виндзорын шилтгээний сүмд оршууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 2 секунд

Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр, хунтайж Филиппийг Лондон хотын захад орших Виндзорын шилтгээний Гэгээн Жоржийн сүмд оршуулжээ. Дөрөвдүгээр сарын 9-нд 99 насандаа таалал төгссөн хунтайжийг оршуулах ёслолыг Их Британийн телевизийн томоохон сувгууд шууд дамжуулан үзүүлсэн байна. 

Хунтайж Филиппийн шарил бүхий авсыг Гэгээн Жоржийн сүм рүү авч явсан машинд түүний хүүхдүүд болох хунтайж Чарльз, Эндрю, Эдвард, гүнж Анна нар, мөн ууган ач нар болох Уильям, Харри болон ордны өндөр албан тушаалтнууд байв.

Хамгийн бага ач зээ нараас бусад гэр бүлийн бүх гишүүн Виндзорын шилтгээнд хунтайж Филиппийг оршуулах ёслолд оролцсон байна.

Оршуулах ёслол Их Британийн цагаар 15:00 цагт орон даяар нэг минут дуугаа хураасны дараа эхэлжээ.

Ёслолыг англикан шашны удирдагч, Кентерберийн хамба Жастин Уэлби, сүмийн ширээт лам Дэвид Коннер нар хамтран зохион байгуулжээ. Үүний зэрэгцээ хунтайж Филиппийн хүсэлтээр оршуулах ёслолын үеэр уншдаг номлолуудыг уншаагүй байна.

Хунтайж Филиппийг хааны бунханд түр зуур оршуулж байгаа бөгөөд хатан хаан II Елизаветаг таалал төгссөний дараа хатан хааны эцэг VI Жорж болон түүний гэргий, мөн дүү гүнж Маргарет нарыг нь оршуулсан сүмийн өөр хэсэгт эрхэм дээдэстэй хамт дахин оршуулах аж. 

Өмнө нь олон зуун жилийн турш Английн хаад, тэдний гэр бүлийн гишүүдийг Лондон дахь Вестминстерийн сүмд оршуулдаг байсан боловч сүүлийн хэдэн зуунд олон хаан Виндзорын шилтгээн дэх сүмийг сонгох болжээ. Гэгээн Жоржийн сүмд Английн хаад VI Генрих, IV Эдуард, VIII Генри, I Карл, III Жорж, IV Жорж, VII Эдуард, V Жорж ба тэдний гэр бүлийн олон гишүүнийг оршуулсан байна.

Эрхэм дээдэс таалал төгссөнтэй холбогдуулан бямба гарагт Их Британийн олон арван хотод уралдаанч тагтаануудыг сул тавьжээ. Тагтааны уралдаан бол хунтайж Филипп болон хатан хаан II Элизабетагийн эртний хобби юм.

Хунтайжийг оршуулах ёслолд 800 орчим зочдыг оролцуулахаар төлөвлөж байжээ. Гэсэн хэдий ч коронавирусний хязгаарлалттай холбоотойгоор Их Британид оршуулгын ёслолд оролцох хүний тоо одоогоор 30 хүнээр хязгаарлагдаж байгаа бөгөөд энэ журам хааны гэр бүлийн гишүүдэд ч мөн хамаарах учраас хунтайжтай салах ёс гүйцэтгэх ёслолд зөвхөн түүний ойр дотны хүмүүс оролцжээ. 

Ө.Пүрэвжаргал: Гудамж бол эрх чөлөөтэй дуулж болох хамгийн том тайз
Ө.Пүрэвжаргал: Гудамж бол эрх чөлөөтэй дуулж болох хамгийн том тайз
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.