Үлдсэн вакцины нөөцөөрөө эрүүл мэндийн ажилчдыг дархлаажуулах талаар ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга н.Бумдэлгэр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Вакцин дууссан буюу хангалт хойшилсон боловч тодорхой хэмжээний нөөц байгаа гэж бодож байна. УОК-ын Шуурхай штаб, Шадар сайдын зүгээс эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулчих гэсэн чиглэл өгсөн гэж ойлгож байгаа. Гэхдээ би тодорхой мэдээлэлгүй байна.
Ер нь бол "Улаан" бүсэд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудаа түрүүлж вакцинжуулах хэрэгтэй" гэдгийг хэллээ.
Монгол Улс хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг БНЭУ-ын АстраЗенека вакцинаар эхлүүлсэн. Тус улсаас хандив болгон өгсөн 75,000 хүн тун вакциныг хамгийн түрүүнд улсын хэмжээнд байгаа 56,000 гаруй эмч, эмнэлгийн аилтныг хамруулна хэмээн мэдээлж байсан юм.
Тус вакцины тун хоорондын зай 56 хоног бөгөөд эмч нарын хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 20-доор эхлэхээр байна.
Дөрөвдүгээр сарын 10-нд Засгийн газрын мэдээллийн үеэр Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээлснээр БНЭС-ын үйлдвэрлэсэн АстраЗенека буюу Ковишелд вакцины үлдэгдэл 52,299 байгаа юм.