“Би Энхтайваны гүүрэн дээр алхаж байлаа. Гэнэтхэн л хэн нэгэн “хөөе хөөрхөн өө” гэж дуудав. Би эргэж ч харсангүй. Бидэнд тохиолддог л зүйл шүү дээ. Элдэв үг хэлээр дуудаж, орилж, хашхирч л байдаг. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр ахиж намайг “гоочилсонгүй”. Гүүрний төгсгөл ч дөхөж байв.
Гэтэл тэр хажуугаар гүйж гарахдаа өгзгөн дээр минь алгадчих нь тэр. Түгжрэлд зогсчихсон жолооч нар, явган зорчигчид гээд бүх хүмүүс болсон үйл явдлыг харсан. Олон хүний нүдэн дээр өгзгөн дээрээ алгадуулахаас өөр доромжлол юу байх вэ.
Би урдах замаа ч харж чадахааргүй болтлоо ичиж байв. Нүүр улайж, нүднээс нулимс юу юугүй урсчих гээд болсонгүй. Гүйх шахам хурдалсаар гүүрнээс буугаад явах замаа өөрчиллөө. Олны нүднээс холдох гэж л тэр шүү дээ” хэмээн арван есхөн настай охин ярилаа.
Охид бүсгүйчүүдийн араас орилж хашхирч, шүгэлдэж, тэдэнд бэлгийн хүчирхийллийн шинжтэй үг хэллэг шивнэж, биед нь зөвшөөрөлгүй хүрдэг “чөлөөт” нийгэмд бид амьдарч байна. Гудамжаар явж байгаа хэн ч таны хөх өгзгөнд хүрч, хүсээгүй “магтаалаар” тань гоочилж болно. Учир юу вэ гэвэл энэ ердөө л нэг хүрэлт, ердөө л нэг үг гэх.
Зөвхөн манай оронд ч төдийгүй дэлхий дахинд “Street harassment” буюу гудамжны халдлагын талаар тодорхой мэдээлэлгүй, буруу хандлагатай байдгаас шалтгаалан олон сая охид чимээгүй шаналж байна.
ГУДАМЖНЫ ХАЛДЛАГА БОЛ ХЭН НЭГНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ДОРД ҮЗЭЖ БУЙН ИЛЭРХИЙЛЭМЖ
Гудамжны халдлага гэх нэршилд хууль ёсны тодорхойлолт байхгүй ч АНУ-ын “Stop Street Harassment” (SSH) ашгийн бус байгууллага дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд “Олон нийтийн газар танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үйлдэл, үйл хөдлөл, үг хэллэгийг гудамж талбайн халдлага гэнэ. Шүгэлдэх, сигналдах, ёс бус үг хэллэгээр дуудах, доромжлох, зураг авах, дагах, замыг нь хаах, эмзэг газарт нь хүрэх, олон нийтийн газар гар хангалага хийх зэрэг нь гудамж талбайн халдлагад хамаарагдана” гэсэн байна.
Дэлхий дахинд энэ асуудлаар хийгдсэн судалгаа тун ховор бөгөөд ихэнх тоо баримтыг “SSH” байгууллага мэдээлдэг аж. Тус байгууллагын 2019 онд хийсэн судалгаанаас үзэхэд АНУ-ын эмэгтэйчүүдийн 81 хувь нь олон нийтийн газар бэлгийн дарамтад өртөж байжээ.
Манай улсын хувьд гудамж талбайн халдлагын тухай гаргасан албан ёсны статистик, мэдээлэл байдаггүй. Харин АНУ-ын “Matter” цахим сэтгүүл 2014 онд найман орны арван эмэгтэйн дунд тус сэдвээр асуулга явуулахдаа Монгол эмэгтэйг хамруулжээ. Тэрээр долоо хоногт дөрвөн удаа гудамж талбайн халдлагад өртдөг хэмээн мэдээлсэн байна.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗӨВТГӨХ ШАЛТГААН ҮГҮЙ
Гудамжны халдлагад өртөж байсан эмэгтэйчүүдийн нэг 21 настай Д “Урт цагаанаас Их дэлгүүр хүрэх замаар алхаж байтал гэнэтхэн л энгэр рүү усаар шүршчихсэн.
Би гайхаж эргэн тойрноо хартал замын хажууханд 40 орчим насны гурван ах усан буу барьчихсан зогсож байлаа.
Аав шиг минь насны эрчүүд ийм үйлдэл гаргасанд би маш ихээр гайхсан. Гэтэл тэд ичсэн шинжгүй “Чи цээжээ нуухгүй бол бид нүдээ нуухгүй ээ” гэж хариулж байсан” хэмээн ярилаа.
“Хэрвээ эмэгтэй хүн биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан эсвэл бариу хувцас өмссөн бол танихгүй залуучууд өдөж хоргоох нь ойлгомжтой зүйл”
Энэхүү нийгэмд тогтсон буруу хандлага халдлага үүсгэдэг гол шалтгаан. Бэлгийн дарамтыг хувцаслалттай холбон, хохирогчийг буруутгах нь хүчирхийлэгчийг өөгшүүлж буй хэрэг юм. Богино банзал өмсөх нь хүчирхийллийг зөвшөөрч буй хэрэг биш. Бусдын өмссөн хувцас хэн нэгэнд хүчирхийлэл үйлдэх эрх олгохгүй гэдгийг ойлгох нь чухал.
Магадгүй та одоо ч “хувцаслалт хүчирхийллийн шалтгаан” хэмээн маргаж болох. Тэгвэл ганцаар яваа богино банзалтай бүсгүй, найз залуутайгаа яваа богино банзалтай бүсгүйн хэн нь гудамжны халдлагад өртөх магадлал өндөр вэ?
Хариултыг нь та мэдэж буй!
Хувцаслалт гудамж талбайн халдлага үүсгэх шалтгаан огтхон ч биш! Харин эрх мэдлийн ялгаатай байдал, хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэх үзэл гол шалтгаан болж байна.
“SSH” байгууллагын 2019 онд хийсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 43 хувь нь гудамж талбайн халдлагад өртжээ. Харин тухайн эрчүүдийн талаас их хувийг ижил хүйстэн эрчүүд эзэлсэн байна.
Энэ тухай Сэтгэл зүйч Г.Түвшинжаргал “Жендэрийн тэгш биш байдал нь эрэгтэй хүмүүсийн уураа хэнд ч гаргаж болно эсвэл хүсэл тачаалаа хаана ч, хэзээ ч хангаж болно гэх сэтгэл зүйн байдлыг нь өдөөж өгдөг.
Өөртөө хэт их бардамнасан эго ихтэй залуучууд, эсвэл маш цөөн тооны өөрийгөө хянах чадваргүй сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс гудамжны халдлагыг хийдэг” гэлээ.
“Би энэ эмэгтэйд ингээд хэлчихвэл эргүүлээд намайг яаж ч чадахгүй. Би тэднээс хамаагүй хүчтэй юм чинь юу л болов гэж. Ганц удаа өгзгөнд нь хүрлээ гээд яав л гэж дээ” гэсэн бодолтой хүмүүс түгээмэл байдгаас шалтгаалан гудамжны ёс бус үйлдэл энгийн зүйл болчихжээ.
ГУДАМЖНЫ ХАЛДЛАГЫН ЭСРЭГ ЯМАР Ч ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БАЙДАГГҮЙ
Хүний үйлдэл, эс үйлдэхүйд хуульд заасан үндэслэлээр хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуулинд зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр зааснаас бусад тохиолдолд ямар ч жигшиж зэвүүцмээр үйлдэл байсан хариуцлага тооцдоггүй байна.
Энэ тухай Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад
“Гудамж талбай олон нийтийн газар эмэгтэй хүнийг хүчиндэх, дээрэмдэх сэдэл зорилготой үйлдлийн шинж тэмдэг илэрсэн байх юм бол хүчиндэх, дээрэмдэх хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Харин эмэгтэй хүнийг өдөж хоргоох, биед нь санаатайгаар хүрэх, ус цацах гэх мэт үйлдлүүд хуульд тусгагдаагүй байдаг учраас иймэрхүү үйлдлүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй” гэлээ.
Гудамж талбайд ёс бус үйлдэл гаргаж буй этгээдэд ноогдуулах хуулийн хариуцлага байхгүй учраас тэд тухайн үйлдлээ сэтгэл амар үйлдэж байна. Өөрөөр хэлбэл халдлага үйлдэгчид эмэгтэй хүний биеийг халдаж болох зүйл гэж үзэхийн зэрэгцээ, халдсаны дараа надад үүрэх хариуцлага байхгүй гэж боддог байх нь.
Франц улс 2018 оны наймдугаар сард олон нийтийн газар хэн нэгнийг дагах, биед нь хүрэх, шүгэлдэх, зохисгүй үг хэллэгээр дуудах зэрэг ёс бус үйлдэл гаргасан этгээдийг €750 хүртэлх мөнгөн дүнгээр торгох хууль баталжээ. Үүнээс хойш жилийн хугацаанд 700 гаруй халдлага үйлдэгч хуулийн хариуцлага хүлээсэн байна.
ХАЛДЛАГАД ӨРТСӨН ОХИД НИЙГЭМДЭЭ ИТГЭХ ИТГЭЛЭЭ АЛДДАГ
Гудамжны халдлага нь хохирогчдод сэтгэл зүйн хийгээд бие махбодын хувьд ямар нөлөө үзүүлдгийг олон нийт тэр тусмаа халдлага үйлдэгчид мэддэггүй.
Охид бүсгүйчүүдийн өдөр тутамдаа нүүр тулдаг энэхүү асуудал тэдний хувцаслалт, нүүр будалт гэх мэт хувийн сонголт, орон зайд нь нөлөөлдөг.
Түүнээс ч ноцтой нь халдлагад өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд цочролд орж өөртөө болон нийгэмдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автдаг байна. АНУ-ын хуулийн байгууллага “Equal Rights Advocates” мэдээлэхдээ хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 90 -95 хувь нь өөртөө итгэх итгэлээ алдаж, сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутралд орж, нойргүйдэх, толгой өвдөх, жин нэмэх, хасах гэх мэт эрүүл мэнд, бие махбодын хохирол амсдаг гэжээ.
Энэ тухай сэтгэл зүйч Г.Түвшинжаргал
“Халдлагад өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд хүнд цохилтод ордог. Сэтгэл зүйн цочрол нь эхний 72 цагтаа хамгийн хурцадмал төлөвт байдаг бөгөөд энэ хугацаанд сэтгэл зүйн анхны тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй тохиолдолд ажил, амьдралынх нь сайн сайхан байдалд ч нөлөөлөх сөрөг үр дагавартай” гэв.
Эмэгтэйчүүдэд юу өмсөж, хэрхэхийг нь заахын оронд хүчирхийлэл үйлдэгчдэд “Хүчирхийлэл үйлдэхээ зогсоо” гэж хэлэх нь чухал.
Эцэг эхчүүд хөвгүүддээ охидтой хэрхэн зөв зохистой харьцах, тэдний өмссөн хувцас хүчирхийллийн шалтгаан болохгүй гэдгийг учирлан, ойлгуулах ёстой.
Охид, бүсгүйчүүд гудамжаар аюулгүй алхах эрхтэй. Хүссэн цагтаа, хүссэн хувцастайгаа. Танихгүй нэгний хүсэл тачаал эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах ёсгүй. Тэдний бие бол тэдний л бие, өөр хэнийх ч биш.
Э.Анужин