Нийслэл хотод ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх, эсэх шийдвэр тодорхой бус хэвээр байна. Энэ нь коронавирусний халдвараас шалтгаалж байгаа хэдий ч нөгөө талаар төрийн өмчит Ерөнхий боловсролын зарим сургуулиудыг PCR шинжилгээний цэг болон вакцинжуулах цэг болгон ашиглаж байгаатай холбоотой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 13, 48, 69, 62, 67, 31, 18, 50-р сургууль зэрэг 13 сургуулийн байрыг PCR шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Мөн ЭМЯ-ны зүгээс сургуулиудыг вакцинжуулах цэг болгох саналтай байгааг илэрхийлсэн. Үүний дагуу нийслэлийн Ерөнхий боловсролын 40-р сургууль тэргүүтэй хэд хэдэн сургуулийг вакцинжуулах байр болгон ашиглаж байна.
Энэ талаар БШУЯ-наас танхимын хичээлийг ирэх сарын 1-нээс эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байгаа хэмээн БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлсэн. Тэрбээр:
"Одоогоор 13 сургуулийн байрыг шинжилгээний цэг болгон ашиглаж байна. Танхимын хичээлийг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлэх бэлтгэл ажилтай холбогдуулан энэ сарын сүүлийн хагаст тус сургуулиудыг бүрэн чөлөөлж, ариутгал халдваргүйтгэлийг хийх чиглэлээр заавар зөвлөмж өгч ажиллаж байна" гэжээ.
Гэтэл сургуулиудыг вакцинжуулах цэг болгон ашиглах ажил хэдийн эхэлсэн бөгөөд хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. БГД-ийн зах худалдааны төвүүд дээр худалдаа эрхлэгч вакцинд хамрагдаж байгаа иргэд БГД-ийн 40-р сургууль дээр вакцинжуулалтад хамрагдаж байгааг мэдээллээ.