БШУЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт өчигдөр /2021.03.09/ орлоо. Уг нэвтрүүлгийн үеэр хэлсэн онцлох 13 эшлэлийг хүргэж байна.
- Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болоод МАН-ын удирдлагууд надад засгийн газрын танхимд ажиллах санал тавьсан. Шинэ Засгийн газар боловсрол, шинжлэх ухааны салбарт шинэчлэл хийхийг зорьж байна. Улс төрийн лоозон, тунхаг яриад байх салбар биш.
- Боловсролын салбар нэг жилд улсын төсвөөс 1.7 их наяд төгрөг авдаг. Гэвч их дээд сургуулиуд болоод ЕБС-аас хүүхдүүд хүссэн мэдлэг боловсролоо эзэмшиж чадаж байгаа юу гэвэл үгүй. Энэ их мөнгө хаашаа шингээд байгааг бага зэрэг ойлгож байна.
- Улсын хэмжээнд кембрижийн сургалттай 6-7 сургууль бий. Энэ сургуульд сурдаг нэг хүүхдэд төрөөс 3 сая төгрөг өгч байгаа. Харин лаборатори сургуульд 1.5-1.8 сая төгрөгийн зардал өгдөг бол жирийн ЕБС-ийн сурагчид 800 мянган төгрөгийн хувьсах зардал очино. Энэ зөвхөн улсын сургууль. Ингээд төр нь боловсролын ялгааг өдөөдөг буруу тогтолцоотой болчихсон. Баян хоосны ялгааг боловсролын салбараасаа бий болгожээ.
- Сургалтын чанарыг огт хэмждэггүй. Багш бэлтгэдэг тогтолцоогоо шинэчлэх хэрэгтэй. Сайн багшаа авч үлдэх төрийн бодлого огт явагдаагүй. ЭЕШ-ийн оноо бага хүүхдүүд багшийн сургуульд ордог болсон. Төгсөөд ажилтай байхын эрхэнд багшийн ажил хийж байна. Манайх багшийн ажлын үнэлэмж хамгийн багаар хэмжигддэг улс.
- Чадварлаг багууд өөрсдөө цэцэрлэг, сургуулиа удирдах чиглэл рүү БШУЯ хууль эрх зүйн орчноор дэмжиж өгөх ёстой. Аливаа зүйлийн зарчим нь зөв байгаасай. Хувийн их болоод дунд сургуулиудыг боловсролоор бизнес хийж болохгүй. ТББ-ын статустай учраас татвар төлдөггүй.
- Мөнгөтэй хүнд үйлчилдэг эрүүл мэндийн, шүүхийн тогтолцоо, тэдний хүүхдэд үйлчилдэг боловсролын тогтолцоо үүссэн. Баян хоосны ялгаа ихтэй дундаж давхаргагүй нийгмийн бий болгочихож.
- Боловсролын салбар их хэцүү юм байна. Их дээд сургуулиуд болон хувийн ЕБС-ууд хүүхдийн хичээл сонголттой сургалтын төлбөрөө холбочихсон зальтай аргатай юм билээ.
- Их дээд сургууль төгссөн гурван хүний хоёр нь ажилгүй байна. Монголд байгаа ядуурлын гол хүчин зүйл нь дээд боловсролын тогтолцоо. Нэг улс төрчийн сэтгэл хөдлөлөөр боловсролын хуулийн баталж болхгүй. Ийм тохиолдол бий.
- Боловсролын салбарт реформ хийвэл богино хугацаанд сайн үр дүнд хүрэх боломжтой гэж харж байна. Монгол Улс СӨБ-ын тогтолцоогоо маш сайн авч үлдсэн. Ийм сайн СӨБ-ын тогтолцоон дээрээ тулгуурлаад залгамж бодлогуудаа хэрэгжүүлэх хэрэгтэй.
- Багшийн цалинг 2-3 сая төгрөг болгоход ажлын байранд очих хүсэлтэй хүмүүсийн тоо нэмэгдэнэ. Өндөр цалин өгч байж өндөр хариуцлага нэхнэ. МУБИС, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, боловсролын хүрээлэнг хөл дээр нь босгож байж боловсролын шинэчлэлээс хүлээлт үүснэ.
- Их дээд сургуулиуд улс төрөөс хамаатай байгаа асуудлын шалтгаан өмч нь төрд байгаа учраас өмчөө дагасан эрх мэдлүүд бий болж байна. Хувьчлал явагдахгүй. Их дээд сургууль мөнгө хүүлдэг байгууллага биш. Захирал солигдохоор банк солигддог тогтолцоо байна.
- Монголын төр шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээ зарласан. Шинжлэх ухаан, үйлдвэрлэл хоёр салчихсан. Төрд маш их мөнгө байна. Энэ мөнгөө шинжлэх ухааны хүрээлэнгүүддээ өгч, амьдралтай, өрсөлдөх чадвартай судалгаа хийх хэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн сан тодорхой, нээлттэй бус байна.
- Би хичээлийг нэг хоногийн өмнө оруулах байр суурьтай байна. Шийдвэрийг Засгийн газар гаргадаг хууль хэрэгжиж байгаа. Хичээлийн хоцрогдол хүнд байдалд орчихлоо. Багш нараа бүрэн вакцинжуулаад хичээл оруулах талаар яригдаж байна.