Японы тэрбумтан Юсаку Маэзава найман хүнийг Илон Маскын “SpaceX” компанийн сансрын хөлөг онгоцоор Сар руу хамт аялахыг урьжээ.
“Нийгмийн ямар ч бүлэгт багтдагийг үл харгалзан бидэнтэй нэгдээсэй гэж би хүсэж байна” хэмээн тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Сансрын аяллын бүх зардлыг Юсаку Маэзава даах юм. Тэрбээр аялалд оролцохыг хүссэн хүмүүст хоёр шалгуур тавьсан байна. Тодруулбал, ямар нэг үйл ажиллагаанд бэлтгэлтэй байх, бусаддаа туслахаас гадна ижил зорилготой багийн бусад гишүүнээ дэмжихэд бэлэн байх ёстой гэв.
“Бүх суудлыг худалдаад авчихсан тул энэхүү хөлөг нь бидний хувийн унаа болох юм” хэмээн Юсаку Маэзава мэдэгджээ. Маэзава нь Японы амжилттай бизнес эрхлэгч, цуглуулагч төдийгүй зугаа цэнгэлд джртай гэдгээрээ алдартай. Үүгээр ч зогсохгүй Илон Маскийн “SpaceX” компанийн 2023 онд сар руу нисэх “dearMoon” нэртэй төсөлд оролцоно гэдгээ өмнө нь мэдэгдэж байв.