Монголын богино хэмжээний кино болох “Шат” Оскарын наадмын өнгийг тодорхойлдог Америкийн “Cinequest” кино наадамд шалгарчээ. Энэхүү бүтээлийг гуравдугаар сарын 20-30-ны өдрүүдэд онлайнаар танилцуулах юм.
Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын Урлагийн зөвлөлийн “Бид чадна – Бид авъяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд Австрали, Монгол мэргэжлийн кино уран бүтээлчид хамтран 2019 онд бүтээсэн байна. Тус кино нь 12 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд сонгогдож байв.
Кинонд гэр хороололд амьдардаг, үсчин болох мөрөөдөлтэй Сонор үсчний сургалтад сурахаар шийдэх бөгөөд түүний өмнө даван гарах ёстой төрөл бүрийн шат тулгардаг тухай өгүүлнэ. Хөгжлийн бэрхшээлтэй залуус өөрсдийн дуу хоолойг нийгэмд хүргэхийн тулд өөрсдөө оролцон бүтээснээрээ онцлог гэнэ.