Хоёрдугаар сар өндөрлөж байна. Отгон долоо хоногоор “юу байна” гэдгийг товчхон тоймлосныг уншигч танд хүргэе.
Гарчгийн тайлбар: Анхны бороо орж, анхны вакциныг ЕС хийлгэсэн бол “нэг хаалга”-ны сүүлчийн шинжилгээ авч, А.Амбасэлмаа гуайн ажлын сүүлийн сар тохиосон долоо хоног байв.
ЭХ ОРОН ҮҮДЭЭ НЭЭВ
Энэ долоо хоногт гурван нислэгээр 254+254+96=604 иргэн эх орондоо ирлээ. Истанбул, Сөүл, Алматы хотоос ирсэн эдгээр иргэдийг Зүчи, Улаанбаатар, Тайж, Тэмүүжин, Корпорэйт зэрэг зочид буудлуудад тусгаарласан.
Бас энэ сарын 25-нд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Хиагт-Алтанбулаг боомтоор хүлээн авах зарыг ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас тус улсад суугаа, монгол руу буцах иргэдийн анхаралд хүргэж, ажилласан байна.
ЭСЭРГҮҮЦЭЛ
- Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд өөрийн биеэр очиж цэцийн гишүүн Д.Солонгоос ирүүлсэн албан бичгийн хариуг өглөө. Энэ албан бичиг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэж үзээд, цэцэд хандсан иргэдийн мэдээллийг тодруулах зорилготой байжээ. Тухайлбал, одоогийн ерөнхийлөгч нь ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй гэдэг агуулгыг сахиулах ёстой гэдэг үндэслэлээр О.Мөнхсайхан, Т.Дорханд зэрэг иргэд цэцэд хандсан юм байна.
- Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл мэдэгдэл гаргалаа. Үүнд, “...цар тахлын аюулаас сэргийлэх, иргэдийг худал, ташаа мэдээллээс хамгаалах” хэмээх халхавчийн цаана төрийн мэдээллийг иргэдээс нуух, цензурдэх хор уршигтай тул “Эрсдэлийн мэдээлэл харилцааны түр хороо”-г эсэргүүцэж буйгаа илэрхийлэв.
- УИХ-ын гишүүүн С.Батболдын өмгөөлөгч Х.Жаргалсайхан нь хэвлэлээр мэдэгдэл гаргалаа. Энэ дотроо “Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат... хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр... хууль тогтоомж, прокурорын ёс зүйг зөрчсөн, үндэслэлгүй мэдээлэл нийтэд тараалаа” гэж буруутгажээ. Ц.Насанбат нь нэгэн хэвлэлд "С.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх ажиллагаа гаднын зургаан орны шүүхэд зэрэг явагдаж байна" гэж ярьсан байна.
- Зам тээврийн яам бас мэдэгдэл гаргасан нь нүүрс тээврийн замтай холбоотой гүтгэлгийн чанартай мэдээллийг тарааж буй хүмүүст хаяглагджээ. “Баянзам тээвэрлэгчдийн холбоо” ТББ-ын уг мэдээлэл бодит үнэнд нийцэхгүй гээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийг оролцуулан газар дээр нь очиж, нөхцөл байдлыг үнэн бодитоор харуулна гэж тус яам мэдэгдлээ төгсгөлөө.
НАМЫН ДАРГА НАР
Улсын Дээд шүүх АН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх, намын дарга С.Эрдэнийн бүртгэлийг сэргээх, Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэхээс татгалзлаа. Өөрөөр хэлбэл, тус намын даргын асуудал сунжрах хэвээрээ байна. Тэд ирэх 4 дүгээр сарын 25-нд нийт гишүүдийн дунд санал хураалт явуулж, шинэ даргаа сонгох аж.
Гэтэл ХҮН-ын даргаар сонгогдсон Т.Доржхандыг Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэжээ. Хөдөлмөрийн Үндэсний намын 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хоёрдугаар их хурлаасаа УИХ-ын гишүүн Т.Доржхандыг намын даргаар санал нэгтэй сонгосон билээ.
СҮМО
Токио хотод 3 дугаар сарын 14-нд харү башё эхэлнэ. Энд их аварга Хакүхо Даваажаргал өрсөлдөхөөр бэлтгэлдээ оржээ. Тэрбээр ковид-19 цар тахлын халдвар аваад байсан ч эдгэрсэн байна. “...би онцгой амжилт үзүүлмээр байна, өөрийгөө одоо ч хүчтэй гэдгээ харуулж чадна гэж найдъя” хэмээн Хакүхо өгүүлжээ.
ВАКЦИН
Хамгийн сүүлийн мэдээгээр “Астразенека”-гийн ковишельд вакциныг 6808 хүн хийлгэжээ. Тэдний анхдагч нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар болов.
Энэ долоо хоногт манай улсад 3 төрлийн вакцин орж ирлээ. БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун “Астразенека” ковишельд, БНХАУ-ын тусламжаар “Синофарм”-ын синовак 300 мянган тун орж ирсэн. Эдгээр нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдөж, Монголд мөн бүртгэгджээ. Харин бүртгэлд ороогүй байгаа ч хууль эрх зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн “Спутник-V” вакцины 10 мянган тунг өчигдөр хүлээж авлаа. Ирэх сард үлдэгдэл 10 мянган тун ирэх аж.
“НЭГ ХААЛГА” ХААХУЙ
Хөл хорио дуусч, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" цогц арга хэмжээ 12 хоног үргэлжилж, сүүлчийн “хаалганы шинжилгээ” авлаа. Нийт 523 мянган өрхийг хамруулсан бөгөөд эцсийн байдлаар 176 тохиолдол батлагдсан. Батлагдсан тохиолдлын хавьтлууд тусгаарлалтад байх үедээ халдвар авсан нь тогтоогдож, цогц арга хэмжээ дууссан ч тохиолдол өссөөр байгаа юм. Тодруулбал, 61 нь шинээр, 115 нь хавьтлаас илэрсэн бөгөөд 30 гаруй голомт тогтоосон аж.
ШИНЭ БӨХИЙН "ХИЙМОРЬ"
Монголын үндэсний бөхийн холбоо шинэлэг хэлбэрээр барилдаан зохион байгуулах болсноо энэ долоо хоногт зарлав. “Хийморь” төсөл хэрэгжүүлж онц сонирхолтой, шагналын сан өндөр тэмцээнийг 3 дугаар сарын 14-нөөс эхлүүлэхээр болжээ. Үүнд улс, аймгийн цолтой идэр залуу, шилдэг бөхчүүд оролцож, цувралаар барилдах юм байна.
YES, ЭЕШ!
Өнгөрсөн Пүрэв гарагт (2/25) элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл орон даяар эхэллээ. Энэ нь 4 дүгээр сарын 20-нд дуусах бөгөөд хугацаа сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байна. www.eec.mn вэб хуудсаар бүртгүүлэх бөгөөд ухаалаг утсаар бүртгүүлэх бол дата төлбөр тооцохгүй юм байна.
"ШИНЭ ТЭРЭГ"
ОБЕГ-т агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийн хүрээнд “Эйрбус И-Си 145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгсэлтэй хоёр нисдэг тэрэг нийлүүлэхэд бэлэн болжээ. Үйлдвэрлэгч “Хэли Юнион” компанийн байранд Монгол, Франц хоёр орны төлөөлөгчид уулзаж, нисдэг тэрэг нийлүүлэхэд бэлэн болсныг зарлалаа.
КОВИД-19 ТОЙМ
Даваа: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, 70 хүн эдгэрчээ,
Мягмар: Шинээр 32 тохиолдол бүртгэгдэж, 64 хүн эдгэрчээ,
Лхагва: Шинээр 46 тохиолдол бүртгэгдэж, 27 хүн эдгэрчээ,
Пүрэв: Шинээр 30 тохиолдол бүртгэгдэж, 53 хүн эдгэрчээ,
Баасан: Шинээр 35 тохиолдол бүртгэгдэж, 33 хүн эдгэрчээ,
Бямба: ...
ТОМИЛГООНУУД
Ikon.mn мэдээллийн сайтын эрхлэгчээр ажиллаж байсан сэтгүүлч Ч.Болортуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо.
Мөн Ерөнхий сайдын Эдийн засаг, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөхөөр Дэлхийн банк, Ногоон уур амьсгалын сан, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлагатай Э.Болормаа томилогдов.
Намын дарга, жинхэнэ тамганы маргаанаа таслаж чадахгүй байгаа АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү томилогдлоо.
ГАЗАР ХӨДӨЛСӨӨР
Өнгөрч буй долоо хоногт хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдлээ. Өмнөговь аймгийн Номгон суманд 4.4 ба 4.1 магнитудын хүчтэй хоёр удаа, хохирол учраагүй. Архангай аймгийн Чулуут суманд 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлсөн ч ямар нэгэн хохирол учраагүй. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн. Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.6 ба 3.5 магнитуд хүчтэй хоёр удаа, хохирол учраагүй. Ханх суманд он гарсаар 34 мянга гаруй удаа газар хөдөлсөн ч, 3.5 магнитудаас дээш хүчтэй нь 176 удаа тохиож. Үүнээс сулхан бол иргэдэд мэдэгдэхгүй өнгөрдөг аж.
Г.АРИУНБААТАР
ОХУ-ын “Первый канал ОРТ” сувгийн шууд дамжуулалтаар “Чингис хаан” одонт, дуурийн дуучин Г.Ариунбаатар дууллаа. Тэрбээр тус улсын Батлан хамгаалах яамнаас жил бүр зохион байгуулдаг гала тоглолтод оролцож, "Амьдрал чамд хайртай" дууг дуулжээ.
П.ЧУЛУУНБААТАР БА Б.БААСАНЦОГТ
Хяналтын камерын “лифтний бичлэг” нь олонд задарснаас хойш АТГ-ын ажилтан, комиссар П.Чулуунбаатар уучлал хүсээд, түүнийг ажлаас чөлөөлсөн. Харин өмгөөлөгч Б.Баасанцогт гэрээслэл бичээд амиа хорлохоо мэдэгдээд сураггүй алга болжээ. Цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж байна.
А.АМБАСЭЛМАА
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа тэтгэвэрт гарах хүсэлтээ байгууллагадаа өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласаны дотор ХӨСҮТ-д 14 жил ажилласан юм байна. Түүний ажлыг хүлээн авсан Ж.Байгальмаа өдөр бүрийн Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын мэдээллийг өгч эхэлсэн билээ.
Ц.ЭЛБЭГДОРЖ
НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн дээд түвшний 46 дугаар цахим хуралдаанд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, илтгэл тавив. Илтгэлдээ монголчууд хэрхэн цаазын ялгүй орон болсон тухай өгүүлжээ.
Мөн тэрбээр жиргээндээ Мьянмарын иргэдэд хандаж нээлттэй захидал илгээж, тэдний тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн нь дэлхийн улс төрч, дипломатуудын хараанд өртсөн байна.
ТАТВАРЫН "ЯЛАЛТ"
Татварын ерөнхий газрын мэдээлснээр тус албаны нэхэмжлэхийн дагуу "Оюутолгой" компани нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төллөө. 2016-2018 оны санхүүгийн жилд ТЕГ-аас нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан байдаг. Тэгвэл “Оюутолгой” компани ирэх долоо хоногт үлдэгдэл 420 тэрбум төгрөгийн төлбөрөө хийх ажээ.
АНХНЫ БОРОО
Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод 2021 оны анхны бороо орсон долоо хоног байлаа. Анхны бороо орох үед Өмнөговьд 10-15 хэм дулаан байжээ. Мэргэжлийн хүмүүс энэ тухайд “Аймгийн урд хэсгээр борооны үүл ажиглагдсан. Энэ жилийн хувьд 2 дугаар сар олон жилийн дундажтай харьцуулахад дулаахан байсан. Ер нь 2 дугаар сард бороо орох нь маш ховор тохиолдол” гэж хэллээ.
ХУРАЛ ШҮҮСЭНГҮЙ
УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбат суллагдах хүсэлтээ шүүхийн байгууллагад гаргажээ. Үүнийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзсан байна. Ингэснээр Ж.Эрдэнэбат нарт оноосон шийтгэл хэвээр үргэлжлэх юм.
ХЭЛ АМ
Урьд нь ковид-19 халдварын голомт болж байсан Баянзүрх дүүрэг энэ долоо хоногт хэл амтай байлаа. Карт уншигч нь ажиллахгүй, онлайн шилжүүлгээр төлбөр төлөх боломжгүй болсноор иргэдээс бэлэн мөнгө авч эхэлсэнд үйлчлүүлэгчид гомдолложээ. Үүний дараа эмнэлгийн аюултай хог хаягдлыг ил задгай хаясан гэх гомдол иргэдээс ирсний дагуу мэргэжлийн байгууллага шалгажээ. Үнэндээ энэ нь аюултай зэрэглэлийн бус, энгийн хог байсан боловч хогийн савнаас гадуур хаясан байсныг удирдлагуудад сануулаад өнгөрчээ.
ЭЛЧИН САЙДУУДАД БАЯРЛАЛАА
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ долоо хоногт Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай уулзлаа. Үүнд, Беларусь улсын Элчин сайд С.В. Чепурнойг, Франц улсын Элчин сайд Филипп Мэрлинийг, Казахстан улсын Элчин сайд Жалгас Адылбаевыг, Австрали улсын Элчин сайд Дэвид Мэтью Восеныг, БНАСАУ-ын Элчин сайд О Сын Хо-г, Куба улсын Элчин сайд Раул Делгадо Консепсионыг, Унгар улсын Элчин сайд Борбала Обрушанскиг тус тус хүлээн авч уулзаж, талархал илэрхийлж, амжилт хүслээ.