Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусний эсрэг вакцинтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Мэдээлэлдээ “Манай улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирнэ. Засгийн газраас хүн амаа вакцинжуулах төсөвт 226 тэрбум төгрөгийг баталж, вакцинжуулалт болон вакцины агуулах, хадгалах, тээвэрлэх гээд бүх асуудлыг шийдвэрлэсэн.
Дэлхий нийтэд вакцины үйлдвэрлэлт хязгаарлагдмал болсон. Үүнтэй холбоотойгоор бид эхнээсээ гэрээ хэлэлцээ хийсэн вакциныг татан авч, хадгалж нөөцлөхөөр төлөвлөн зохион байгуулж байна.
Ингээд маргаашаас эхлэн хувийн болон төрийн гэлтгүй эрүүл мэндийн салбарын бүх ажилтныг вакцинжуулж эхэлнэ. Бид ДЭМБ-ын гаргасан зөвлөмж, зааврын дагуу дархлаажуулалтыг эхлүүлэх бөгөөд зөвхөн сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг гэдгийг хэлье.
Манай улсад орж ирсэн AstraZeneca компанийн коронавирусний эсрэг вакциныг дэлхийн 42 улс орон хэрэглэж буй.
Дэлхий дахинд коронавирусний эсрэг 230 нэр төрлийн вакцин туршилтад явж байна. Үүнээс 63 нь эмнэл зүйн туршилтад орсон бөгөөд ДЭМБ-ын зөвшөөрлийг авах шатандаа орж байгаа" гэлээ.
-Хоёр тун вакцин нэг үйлдвэрийн ижил төрлийнх байх ёстой-
"Нэг хүнд хоёр тун вакцин хийх учир 150 мянган хүн тун гэдэг нь 75 мянган хүнийг дархлаажуулах хэмжээ юм. Тухайн хүний хийлгэх хоёр тун нь хоёулаа нэг үйлдвэрийн ижил төрлийн вакцин байх ёстой.
Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан байна гэж тооцоолсон. Эхлээд тэдэнд вакциныг хийнэ. Хоёр дахь тунг нь хадгална. Манайх дархлаажуулалтын хуультай бөгөөд энэ журмаараа явна. 75 мянган хүндээ вакцин хийсний дараа дараагийн шатны хариу арга хэмжээний багт ажиллаж буй багийнханд хийнэ. Дараагийн ээлжийн вакциныг хэзээ татан авах төлөвлөлтүүдийг хийсэн байгаа" гэв.