Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Х.Баттулгын“ Засгийн газрын бүрэлдэхүүн өмнөхөөсөө дордлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 19 секунд

Ийм яриа төрийн ордноор нэг хадаж байна. Л.Оюун-Эрдэний Засгийн газрын бүрэлдэхүүн хэрхэн бүрдэх талаар ордынхон, сэтгүүлчид бүтэн долоо хоног “та та тунгаадаж” янз бүрийн хувилбар дэвшүүлсэн. Харин эцсийн мөчид тодорсон сайд нар жинхэнэ сюрприз байлаа.  

Шадар сайдад хотын дарга асан УИХ-гишүүн С.Амарсайханыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр томиллоо. Өмнөх шадар сайд Я.Содбаатар нь УИХ-ын гишүүнээр 2, Засгийн газрын гишүүнээр 2 удаа сонгогдож байсан, МХЕГ-ын даргаар ажиллаж байсан зэрэг төр, улс төрийн ажлын туршлагатай байсан бол С.Амарсайхан нь хотын даргаар жил гаран ажилласан бизнесмэн нэгэн билээ.  

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Ц.Нямдоржийг томилох саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө гаргасан гэдэг. Хамгийн хурдтай ажиллах, шинэчлэл өрнөх ёстой гал тогоогоо тэтгэврийн хөгшинд, олон нийтэд төдийлөн таалагдахгүй хүнээр удирдуулах болов. Ц.Нямдоржийн гараас бүтээлч ажил гарч байсан түүх өнгөрсөн 30 жилд байхгүй. Хэрэгтэй цагаа мэдэрч даргаа мөргөж, дараагийн багтай хор найруулж урагшилсан 30 жилийн баялаг намтар л түүнд бий.  

Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Н.Уртнасан гэж бүсгүйг томилов. Олон нийт байтугай намынхан нь ч танихгүй энэ сайдыг Д.Сарангэрэл, Я.Содбаатар нарын хүсэлтээр томилсон гэх яриа байна. Учир нь тэр ТВ5, Шинэ дэлхий ТВ-д сэтгүүлчээр ажиллаж байсан нэгэн ажээ. Урд өмнө нь төрийн албанд ажиллаж байгаагүй МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч гэдгээс өөр намтаргүй өмнөх сайдаасаа хамаагүй сул хүнийг ийнхүү томиллоо.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг Б.Жавхлангаар сольсон нь дээрдээгүй илүү дордсон гэж ярих боллоо. Ч.Хүрэлбаатар сангийн яаманд хэлтсийн дарга, газрын дарга, төрийн нарийн бичгийн дарга, сайд гээд шатандаа ажилласан, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдсон 3 удаа сайд хийсэн бол Б.Жавхланд Монгол банкны дэд ерөнхийлөгч УИХ-д улирч сонгогдсон гишүүн гэдгээс өөр өрсөлдөх туршлага алга. Төгссөн сургууль, салбарын ур чадварын хувьд ч Ч.Хүрэлбаатарт хүрэхгүй гэж үзэх хүн олон байна.

Гадаад харилцааны сайдаар “Мөнхийн үсэг” ХХК-ний захирал Д.Батцэцэг томилогдсон. Тэр МУИС, СЭЗДС-ийг жинхнээсээ төгссөн, МАСЗХ-ны хэсэг гишүүдийн алдарт будлианы нэр холбогддог Мастрхитын их сургуулийг мөн төгссөн гэдэг. Гэтэл өмнөх сайд Н.Энхтайван нь Бээжингийн Худалдаа үйлдвэрийн сургууль, Шинэ зеландын Велингтоны их сургууль, МУИС, АНУ-ын Стрэйерийн их сургуулийг төссөн ГХЯ-нд шат шатанд ажилласан. Боловсрол, ажлын туршлагийн хувьд хол илүү сайд байв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг МАН-ын дарга У.Хүрэлсүх томилуулсан гэх яриа байна. Тэрбээр 2-р эмнэлгийн даргаас өмнө 1-р эмнэлэгт төвийн захирал хийж байснаас өөр удирдлагын туршлага байхгүй. Гэтэл өмнөх сайд Т.Мөнхсайхан нь ядаж гэмтлийн эмнэлэг, улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байсан туршлагатай. 2-р эмнэлэг нь сайд нарын гэх тодотголтой клиник яаралтай тусламжийн ачаалал багатай байдаг бол Т.Мөнхсайханы удирдаж байсан эмнэлэгүүд клиник яаралтай тусламж ихтэй, ачаалалтай газрууд байсан. Тэгэхээр энэ томилгоо нь дээрдсэн гэхээсээ дордсон болж таарч байгаа юм.

Соёлын сайд С.Чулууны оронд Монголын тэргүүн баячуудын нэг Гацууртын өв залгамжлагч Ч.Номинг томилов. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэж тайлбарлаж байна. Өмнөх сайд нь соёлын өвийн асуудалд холбогдсоноос биш боловсрол, төрийн ажлын туршлагийн хувьд Ч.Номинтой харьцуулашгүй хүн байжээ. МАН-ынхан Ч.Номингийн томилгоонд туйлын сэтгэл дундуур байгаа ажээ. Учир нь МАН-ыг шүүмжилж, Х.Баттулгын талд ажилладаг хүн хэзээ намын гишүүн болчихов гэж гайхаж эгцүүдэх хүмүүс олон байна. Энэ олон томилгоо дунд ганц дээрдүүлсэн томилгоо нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан гэж МАН-ынхан дотроо ярьж байна.

Эцэст нь зоригтой дайчин У.Хүрэлсүхийг “хиймэл дагуул” Л.Оюун-Эрдэнэ нь залгамжилж байгаагаар зангараг туршлагийн хувьд сул Засаг бүрдсэн гэж “тамхины цэг” дээр ярих боллоо.

Шинэ засагтаа холбоотой хэд хэдэн анхаарал татсан зүйл байна.

Нэгдүгээрт: МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө дотоодын эв нэгдэл, тэнцвэрээ хангаж гол лидерүүд нь ойлголцож Засгаа бүрдүүлнэ гэсэн хүлээлт байсан боловч харьцангуй сул засаг бүрдлээ. Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ж.Энхбаяр нарын ид үедээ яваа нөлөө бүхий хүмүүсээс засагт орсонгүй. Төрийн эргэлт хийсэн гэгдээд байгаа С.Батболдын ганц төлөөлөл Ч.Хүрэлбаатарыг улираасангүй. Асуудал У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Б.Амарбаясгалан гэсэн гурван хүний дунд л шийдэгдлээ.

Хоёрдугаарт: Энэ засгийн газар Ерөнхийлөгч Х.Баттулгатай үзэлцэж чадахгүй. Харин ч Х.Баттулгын хуйвалдааны засгийн газар боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа “чамайг би ХЭГ-ын даргаар томилох саналыг анх У.Хүрэлсүхэд хэлж байсан. Одоо Ерөнхий сайд болсонд чинь баяртай байна. Уул уурхайн сайд чинь юугаа ч мэдэхгүй байна шүү” гэж хэлснээрээ “чи миний хүн шүү, уул уурхайн сайдаа солиорой” гэсэн сануулгыг өгөөд амжив. Мөн хууль зүйн сайд Х.Нямбаатарыг яагаад худлаа улс төржөөд, хүн гүтгээд байнаа гэж гөлөлзүүлэв. Х.Баттулгын гэх хаягтай сайдаас ганцхан С.Чулууныг сольсон. Гэтэл Х.Баттулгын хүн гэгдэх Ч.Номинг оруулж ирэв. Үүнээс үзэхэд энэ Засгийн газар Х.Баттулгатай үзэлцэж чадахгүй нь илэрхий байна. Харин ч Х.Баттулгатай дайн зарлаад байсан хууль зүйн сайд Х.Нямбаатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар С.Батболдыгоо улаан цагаан гөвж эхэллээ.

У.Хүрэлсүх тоглолтыг удирдаад байгаа мэт харагдсан чинь алсуураа Х.Баттулга тоглолтыг найруулаад байсан болж таарав. Өмнөхөөсөө дээрдсэн биш дордсон, Х.Баттулгаас ангижирсан биш харин ч тас тэврэлдсэн энэ засаг хаа хүртэл хол явах бол гэж гайхсан хүмүүс МАН дотор олон байна.

 

Асрамжийн газрын хоёр хүүхдийг багшийн хамт тусгаарлажээ
Асрамжийн газрын хоёр хүүхдийг багшийн хамт тусгаарлажээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.