Түлхүүр мэдээлэл:
- БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч дэлхийн улс орнууд хүмүүсийг хил давуулахаас урьдчилан сэргийлэх нь үндэслэлгүй гэж мэдээлжээ.
- Монгол, Австрали, Итали, Япон, Пакистан, Орос, Сингапур улсууд ижил төстэй аялалын хязгаарлалт хийжээ.
АНУ-ыг коронавирусийн тархалтыг даван туулахад дэлхийн бусад орнуудад "буруу үлгэр жишээ" үзүүлсэн гэж буруутгаж буйгаа Хятадын Гадаад хэргийн яам мэдээллээ. Мөн ерөнхийлөгч Дональд Трампыг яаралтай тусламж үзүүлэхийн оронд айдас түгшүүр үүсгэж байна гэж буруутгажээ. Хятадад одоо маск, ариутгасан хамгаалалт, нүдний шил хэрэгтэй байна гэж мөн хэлсэн байна.
Тиймээс АНУ-ын шинжээчдийг ДЭМБ-ын мэргэжилтнүүдтэй хамт Ухань хотод ирж нөхцөл байдлыг нүдээрээ харж танилцахыг зөвшөөрсөн байна. Хятадын Эрүүл мэндийн үндэсний газар мягмар гаригт коронавирусийн 20626 тохиолдол бүртгэгдэж, 426 хүн нас барсан гэж мэдээллээ.
Шинэ коронавирусаар Хятадад нас барсан хүмүүсийн тоо 2002-2003 он хүртэл үргэлжилсэн SARS вирусын халдвраас даваад байна.
Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Дональд Трамп 14 хоногийн дотор Хятадад зорчиж байсан гадаад иргэдийг түр хугацаагаар америк руу нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ.
Монгол, Австрали, Итали, Япон, Пакистан, Орос, Сингапур улсууд мөн адил арга хэмжээ авч байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага аялалын хязгаарлалт нь сайн гэхээс илүүтэй хохирол учруулж болзошгүйг анхааруулж байна. Иймэрхүү хориг арга хэмжээ нь тухайн вирусийн голомт болсон орнууд мэдээллээ ил тод хуваалцахаа болих эсвэл нийгэмд нь эмх замбараагүй байдал үүсгэх сөрөг үр дагавартай гэж үздэг байна.
ДЭМБ өнгөрсөн долоо хоногт шинэ коронавирусийн тархалтын дэлхийн эрүүл мэндийн онц байдал зарласан ба эрүүл мэндийн үйлчилгээ тааруу ядуу орнуудад тархаж болзошгүй гэж мэдэгдсэн билээ.
ДЭМБ болон Хятад улс бусад улс орнуудыг "санаатай сандраахгүй байхыг" уриалж байна. Хятадаас бусад 23 оронд 151 коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: CNBC, REUTERS