Алексей Навальныйгийн Авлигатай тэмцэх сангаас байршуулсан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нууц ордонтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг илчилсэн баримтат киног өнөөдрийн байдлаар 80 сая гаруй хүн үзжээ. Энэхүү кинонд гарч буй онцлох баримтуудаас хүргэж байна.
ОХУ дахь хамгийн нууц ордон буюу Хар Тэнгисийн эрэг Геленджикийн ойролцоо байрлах тансаг ордон нь ОХУ дахь хамгийн үнэтэй хувийн орон сууцны барилга.
ОРДНЫ ГАДААД ОРЧИН
Уг барилга нь 17'691 метр квадрат талбайтай бөгөөд 100 тэрбум рубль (3,8 их наяд төгрөг) барихад зарцуулжээ. Гэсэн ч агааржуулалтыг буруу тооцоолсноос үүдэн зургаан жилийн өмнө бүрэн боссон байсан барилга хөгцөнд идэгдэж байгаа буюу түүнийг дахин засварлаж байгаа аж. Зөвхөн ордноос гадна түүнийг тойрон хүрээлсэн 68 га бүс нутагт газар доорх хоккейн талбай, хоёр нисдэг тэрэгний талбай, үүрэн холбооны операторын суурийн станц, шатахуун түгээх станц, грашийн цогцолбор, задгай театр, уулыг нүхлэн гаргасан далайн гарц, зочдод зориулсан хаусууд зэрэг цогцолборууд бий.
Путины ордны тухай цуу яриа анх 2010 онд Сергей Колесников үл хөдлөх хөрөнгийн төсөлтэй холбоотой санхүүгийн баримт бичиг, гэрээ болон бусад баримт бичгийг олон нийтэд дэлгэсэн үед гарч эхэлсэн. Колесников энэ ажлыг Путиний нэрийн өмнөөс бизнесмэн Николай Шамалов удирдаж байсан гэж мэдэгджээ. Энэхүү илчлэлт тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сонирхлыг ихээхэн татсан юм. Хэдэн сарын дараа Шамалов үл хөдлөх хөрөнгөө бизнесмэн Александр Пономаренкод зарж, Пономаренко худалдан авсан нэрээр тухайн бүс нутагт зочид буудал барина хэмээн худал хэлж байжээ. Үнэндээ Александр Пономаренко бол Путины дотны найз бөгөөд иргэд болон сэтгүүлчдийг төөрөлдүүлэх гэсэн оролдлого нь энэ байжээ.
ОРДНЫ ДОТООД ОРЧИН
Усан бассейн, рашаан сувиллын өрөө, массажны өрөө, гоо сайхны салон, саун, усан оргилуур, зочдод зориулсан хувцас солих өрөө, мах, загас, ногоо, нарийн боов, өндөг боловсруулах цех, эмчилгээний шаврын агуулах, коктейлийн амралтын газар, гэрийн кино театр, амиалгааны өрөө, дарсны зоорь, спорт зал, уншлагын өрөө, хөгжмийн өрөө зэргээс гадна хэд хэдэн унтлагын болон зочны, гал тогооны өрөө зэрэг тус ордны зөвхөн дотор талд оршдог.
Ордны тавилгуудыг дэлхийн хамгийн чамин тавилга үйлдвэрлэгч Италийн "Citterio Atena" үйлдвэрлэгчээс захиалан хийлгэжээ. 2,1 сая рубли (80 сая орчим төгрөг) үнэтэй арьсан буйдан, 1,9 сая рубли (72 сая орчим төгрөг) ширээ, 4 сая рубли (150 сая орчим төгрөг) үнэтэй зочны өрөөний дугуй ширээ зэрэг түүний ордон доторх тавилгуудын үнийг дэлгэрэнгүй танилцуулав.
Сергей Колесниковын мэдээлснээр ордон дотор Хар тэнгис дэх Лас Вегас Путины хувийн казино байдаг аж. Түүний казиногийн тоглоомын өрөөдөд хоёр хөзрийн ширээ болон рулетын ширээнээс бүрдэх покерын өрөө, биллиардны өрөө болоод автомат тоглоомын өрөө, тоглоомон цахилгаан машины өрөө зэрэг багтана. Түүний унтлагын өрөө нь ордны 260 метр квадратыг эзэлдэг байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины энэхүү тансаг зэрэглэлийн ордны гадаад болон дотоод тохижуулалт, тэдгээрийг үнэ өртөг болоод ямар замаар үүнийг босгосон талаар баримтат кинонд дэлгэрэнгүй үзүүлсэн ба ордноос гадна Владимир Путины хэд хэдэн эзэмшил газар, бизнесийн баримтуудыг олонд дэлгэж харуулсан нь тухайн контентийг 80 сая гаруй хүн үзсэн шалтгаан болжээ.