Энэ мэдээ хуучирсан буюу 2021/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Мөнхсайхан сайд өргөдлөөсөө буцаж салбараа жагсаалд уриалаад байна уу?

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
6 минут 5 секунд

Улсын онцгой комисс, эрүүл мэндийн салбарынханы удаа дараагийн хүнлэг бус үйлдэлд дургүйцсэн иргэд өчигдөр Сүхбаатарын талбайд жагсаж УОК-ын дарга, шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг огцруулахыг шаардав.

Ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрснийг мэдэрсэн эрх баригчид өчигдөр хэлэлцэж байсан сонгуулийн хуулиа хойшлуулж цаг үеийн нөхцөл байдлаар шуурхай зөвлөлдсөн байна. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх маш их бухимдсан гэв. Гэхдээ тэр Я.Содбаатарыг огцруулах бодолгүй харин эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажлаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байжээ. МАН-ынхан дунд ч Я.Содбаатарыг өмгөөлөх хандлага нэлээд байжээ.  

Я.Содбаатар сайд хамаг галыг өөр дээрээ үүрч байна. Цар тахалтай холбоотой бүх муу мэдээ, хөл хорих зэрэг зөрчилтэй асуудлаар Я.Содбаатар мэдээлэл өгч, хэвлэлээр балбуулж байна. Гэтэл сайн мэдээ, хөнгөлөлт, урамшуулал зэрэг зүйл дээр түүний нэр гардаггүй. Я.Содбаатар ажлаа аваад хэдхэн сар болж байна. Ажлаа авангуутаа л цар тахалтай нүүр туллаа. Гэтэл түүнээс өмнө эрсдэл бууруулах, бэлтгэл хангах ёстой хүмүүс нь юу хийсэн бэ? Энэ бүхний бурууг Я.Содбаатар үүрэх нь буруу. Хотын дарга Д.Сумьяабазар сүүлийн үед бүх хэвлэлийн хурлаас зугтаад өөрийн орлогч Ж.Сандагсүрэнг урдаа гаргах болсон. Сайд нар бүгд хэвлэлийн төлөөлөгч, орлогчоо хэвлэлээр гаргаж байгаа бол Я.Содбаатар улаан нүүрээрээ Засгийг төлөөлж хамаг галыг өөрөө үүрч байна гэх яриа гишүүдийн өрөөгөөр нэлээд яригдсан байна.

Харин Т.Мөнхсайхан үнэхээр ажилдаа тэнцэхгүй байна. Эмнэлэгийн асуудал бол Эрүүл мэндийн яамны асуудал. Улсын онцгой комисс тусгаарлалт, хөл хорио, хөрөнгө санхүүг хариуцдаг болохоос эмчилгээ үйлчилгээ бол 100% эрүүл мэндийн салбарын асуудал. Эмнэлэгийн дарга хийж байгаад шууд сайд болсон хүнд захиргааны ажлын зангараг яалтчгүй дутаж байна. Яамных нь төрийн нарийн бичгийн дарга нь гэхэд хэлтсийн даргаас дээш захиргааны ажил хийж үзээгүй. Сайд нь сул, төрийн нарийн нь ч сул. Өмнөх сайд Д.Сарангэрэл ажлаа өгөхдөө “энэ баг цар тахалтай тэмцэхэд хамгийн их бэлтгэгдсэн, туршлагжсан баг шүү” гэж захисан. Гэтэл ажлаа авмагцаа ковидын түүвээнийг далимдуулж мэргэшсэн 30 орчим албан хаагчаа шилжүүлэх нэрээр ажлаас нь чөлөөлсөн. Оронд нь эмнэлэгт дунд шатны удирдах албан тушаал хашиж байсан хүмүүсийг албан тушаалд томилсон. Эрүүл мэндийн салбарт хүний эрх зөрчигдсөн асуудал удаа дараа гараад байхад олигтой арга хэмжээ авч чадаагүй зэрэг шүүмжлэл өрнөжээ.

МАН 2020 оны сонгуульд ялалт байгуулсны дараа удирдах зөвлөлөөрөө хуралдаад эрүүл мэндийн сайдад Б.Цогтбаатарыг нэр дэвшүүлж байсан. Б.Цогтбаатар нь нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал, ЭМЯ-ны төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. АНУ-ын Колородагийн их сургуульд магистр, Канадад докторын зэргээ хамгаалсан боловсролын хувьд, захиргааны ажлын туршлагын хувьд ч хамаагүй илүү сонголт байсан гэдэг. Гэвч нэг шөнийн дотор Б.Цогтбаатарын нэр хасагдаж Т.Мөнхсайхан ороод ирсэн. Үүнийг өмнөх сайд Д.Сарангэрэл эцсийн мөчид Б.Цогтбаатараас нүүрээ буруулж Т.Мөнхсайхантай тохироо хийсэн гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Анхнаасаа хор найруулж сайд болсон. Сайд болмогцоо хэлсэн ярьснаасаа буцсан зэргээр МАН дотор дургүйцэх хандлага нэлээд байсан юм.

Ийнхүү өчигдөр төрийн ордонд хэдэн талд талцаж намын дарга нь бухимдаж, гадаа жагсаал юу юугүй үймээн болох гээд нэлээд түгшүүртэй байлаа.

Харин Я.Содбаатар “Намынхаа нөхдийг хүндэтгэж байна. Гэхдээ надад сайхан залуу сайдаар туг тахиад өөрөө үлдэх ёс суртахуун байхгүй. Би өргөдлөө өгнө” гэж хэлээд удалгүй хэвлэлийн хурал зарласан байна. Ийнхүү Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нар өргөдлөө өгөхөөр болжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өргөдлийг нь хүлээж авахаа мэдэгдсэн.

Гэтэл өчигдөр оройноос эхлээд “Т.Мөнхсайхан сайд л хайран байна” гэсэн пост сошиалаар нэг үзэгдэх болов. Ядаж байхад “хайран” гэдэг үгийг бренд болгохыг оролдсон уу гэлтэй ижил утгатай үгс хөвөрч байгаа нь трол ажиллагаа гэдгийг нь илчлээд байна. Сайдаа авч үлдэх хөдөлгөөн хүртэл байгуулагдаж, эрүүл мэндийн салбарынхан жагсах тухай яриа газар авлаа.

Үүнээс үзвэл энэ бүхний ард Т.Мөнхсайхан сайд өөрөө байна уу? Гэх хардлага өөрийн эрхгүй төрүүлж байгаа юм. Сайд болохдоо хүн мөргөсөн, сайдаас буухдаа зууралдаж чаргууцалдаад байгаа нь түүний хэр хэмжээний ноён нуруу, ёс суртахуунтай хүн бэ гэдгийг харуулж байгаа мэт.

 

 

 

Т.Мөнхсайхан сайд өргөдлөөсөө буцаж салбараа жагсаалд уриалаад байна уу?
Т.Мөнхсайхан сайд өргөдлөөсөө буцаж салбараа жагсаалд уриалаад байна уу?
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц